“IPO Mongolia-2022”: Үнэт цаас гаргагчийн шимтгэлийг 5 хүртэл хувиар бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, идэвхийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын топ ААН-үүдийн IPO-г хөрөнгийн биржээр дамжуулан гаргах нь чухал байна. Энэ үүднээс анхдагч арилжаанд оролцож буй үнэт цаас гаргагчийн шимтгэлийг 5 хүртлэх хувиар бууруулахаар ажиллаж байгааг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн 7 хоногт болсон “IPO Mongolia 2022” чуулга уулзалтын үеэр онцоллоо.
Чуулга уулзалтад төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллагууд, ТОП-100 ААН-ийн төлөөлөл, санхүүгийн салбарын оролцогчид болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын төлөөлөл оролцсон юм. Чуулга уулзалтын яриа “Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл”-ийг хөгжүүлье уриан дор “Анх удаа хувьцаа гаргахын ач холбогдол, сайн туршлага”, Тогтвортой хөрөнгийн зах зээлийн чиг хандлага”, “Байгаль орчин, нийгэм-засаглал (БОНЗ)-ын тайлагнал, ил тод байдлыг нэвтрүүлэх нь” зэрэг сэдвээр болж, үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдсэн юм.
Чуулга уулзалтаар хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох талаар хөндлөө. Мөн IPO хийхэд компанийн үнэлгээний үр өгөөж, олон улсын стандартууд, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, банкны салбарын реформ, бондын зах зээл болон тогтвортой хөрөнгийн зах зээл зэрэг өргөн сэдвийн хүрээнд боллоо. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хэлэлцэв. Түүнчлэн тогтвортой санхүүжилт түүний олон улсын чиг хандлага болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.