ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-15 15:00:10

ВАШИНГТОН. /AP/. Орос, Украины дайн дэлхийн ихэнх орны эдийн засгийн хэтийн төлөвийг сулруулж байгааг Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева анхааруулаад, өндөр инфляцыг дэлхийн эдийн засгийн “тодорхой, тулгамдсан аюул” хэмээн тодорхойлжээ.


К.Георгиевагийн хэлснээр, Оросын түрэмгийллийн үр дагавар 143 орны эдийн засгийн хэтийн төлөвийг буурахад хүргэж байгаа бөгөөд дайны улмаас эрчим хүч, буудайн худалдаа тасалдаж байгаа нь Африк, Ойрхи Дорнодод хүнсний хомсдол үүсгэж болзошгүй байна.


ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт ирэх долоо хоногт болох гэж буй энэ үед тэрбээр энэхүү мэдэгдлийг хийжээ. Дэлхийн төв банкнуудыг бодлогын хүүгээ өсгөж, эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэж буй өндөр инфляц нь “дэлхийн сэргэлтэд асар том саад тотгор” болж байна гэж тэрбээр хэлсэн байна.


“Европ дахь дайн Африкт өлсгөлөн бий болгох, цар тахал олон жилийн турш үргэлжлэх, хорт хийн ялгарлын улмаас далайн түвшин бараг хаа сайгүй нэмэгдэх зэрэг дэлхийн хамтын ажиллагаа тасалдсанаас үүдэн бидний хамтын хөгжил цэцэглэлтэд заналхийлж буй аюулыг тоочиж баршгүй” гэж ОУВС-гийн тэргүүн хэлсэн байна.


Дайнаас өмнө Орос, Украин дэлхийн улаан буудайн экспортын 28 хувийг, Орос, Беларусь калийн бордооны экспортын 40 хувийг Орос, Беларусь эзэлж байсан юм. Харин одоо үр тариа, эрдэнэ шишийн үнэ өсөж, Африк, Ойрхи Дорнодын орнуудын удирдагчид нийлүүлэлт багасаж байгаа талаар хэлэх болоод байна. Иймээс хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд олон талын санаачилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр тодотгожээ. 


Мөн К.Георгиева украинчуудыг дэмжихийг дэлхий нийтэд уриалаад, ОУВС Украинд 1.4 тэрбум ам.долларын яаралтай санхүүжилт үзүүлж байгааг онцолжээ. Тус байгууллага мөн Украины хөрш орнууд, тэр дундаа 400 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авсан Молдова улсад тусламж санал болгож байгаа ажээ. 

Связанные новости