Даниел Кочинский: Их Британийн Засгийн газар Монголд хөрөнгө оруулахад идэвхитэй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-14 12:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Их Британийн бизнес уулзалт боллоо. ГХЯ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уулзалтад Их Британийн парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кочинский, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Малоне нар оролцож, хоёр улсын худалдаа, экспорт, импортын талаар хоёр талын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хэлэлцэв.




Хоёр орны худалдааны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бизнес уулзалтыг зочноор оролцож буй Их Британийн парламентын гишүүн Даниел Кочинский нээв. Тэрээр, Английн Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх талаар их анхаарч, идэвхитэй ажиллаж буйг онцлоод, Монголд хөрөнгө оруулах Их Британийн компаниудад уян хатан нөхцөлтэй зээл олгохоор 3 тэрбум ам.доллар төсөвлөөд буйг дуулгалаа. Монгол Улсыг хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны хоёрдогч зах зээл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Их Британийн хөрөнгө оруулагч нар болон бизнесийн төлөөллийн хамт энэ оны сүүлээр Монголд ирж өргөтгөсөн бизнес уулзалт хийхээр төлөвлөж байна гэв. Монгол Улстай аль салбарт түлхүү хамтран ажиллах боломжтой байгааг тодруулбал, тэрээр сэргээгдэх эрчим хүч, ХАА, боловсролын салбарыг онцолсон юм. Уулзалтад цахимаар болон биечлэн оролцсон Их Британийн ажил хэргийн хүмүүс банк-санхүү, эрчим хүчний салбарыг илүүтэй сонирхож буйгаа илэрхийлж байлаа.




Монголд хөрөнгө оруулах Их Британийн компаниудад тус улсын Засгийн газар уян хатан нөхцөлтэй зээл олгохоор 3 тэрбум ам.доллар төсөвлөжээ. 




Уулзалтаар Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн талаар Турк, Зүүн Европ, Төв Азийн бүс хариуцсан газрын захирал Озгүр Кутэй танилцуулсан бол хоёр орны давхар татварын хэлэлцээр, Их Британийн хөгжиж буй орнуудын импортын барааны гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн ерөнхий систем”-ийн МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын мэргэжилтэн Р.Ариунтунгалаг мэдээлэв. Мөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол Улсын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. 




МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Манай хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 шахам жилийн хугацаанд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлж ирсэн. Цаашид бид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцлийг ойртуулах, хөрөнгө оруулалтын түншлэлийг бэхжүүлэхэд хоёр талын хичээл, зүтгэл нэн шаардлагатай байгаа” гэв. 




Манай улс Их Британи улс руу ноолуур, ноолууран бүтэгдэхүүн гаргаж, алт экспортолдог. Мөн манай уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, эрх зүйн тусалцаа, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах, сонирхолтой, өндөр оролцоотой, мөн боловсрол, банк, санхүү, хөрөнгийн зах зээлд хамтран ажиллаж байна. Манай улс өнгөрсөн онд Их Британид 10 сая ам.доллартой тэнцэх мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон бол Их Британиас 40 сая ам.доллартой тэнцэхүйц үнийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, төмөр замын эд анги зэрэг бараа, бүтээгдэхүүн импортолжээ.




Хоёр орны худалдааны нийт эргэлт 2021 оны байдлаар 50.1 сая ам.доллар болжээ. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг оролцогчид форумын үеэр хөндсөн юм. Их Британийн хөрөнгө оруулалттай компаниудыг үйл ажиллагаагаар нь ангилж авч үзвэл:

  • 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт,
  • 15.5 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт,
  • 9 хувь нь банк, санхүүгийн салбарт,
  • 28.5 хувь нь бусад салбарт байна.

Ташрамд мэдээлэхэд, Их Британийн Засгийн газрын вэбсайтад виз хүссэн иргэд болон бизнес эрхлэгч нарт зориулан Монгол Улс руу зорчих гарын авлагыг тавьж, манай улсын эрчим хүч, ХАА болон боловсрол гэсэн 3 салбарыг тусган онцолсон байна. 



Связанные новости