"Хаббл" дурангийн тусламжтайгаар хамгийн том сүүлт одны хэмжээг тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-04-13 17:18:53

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Тойрог замд ажиллаж буй АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн "Хаббл" дурангийн тусламжтайгаар Бернардинелли-Бернштейн (C/2014 UN271) сүүлт одны хэмжээг тодорхойлжээ. Энэхүү сүүлт од нь урд өмнө тодорхойлж байсан сүүлт оддоос хамгийн том нь болохыг Макаогийн Шинжлэх ухаан-технологийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсан байна.


Мөсөн цөмтэй уг сүүлт одны диаметр нь 129-136 орчим километр бөгөөд энэ нь өмнө нь хамгийн томд тооцогдож байсан "C/2002 VQ94" сүүлт одны хэмжээнээс гуравны нэг гаруйгаар том хэмжээ юм. Түүний диаметр нь 96 километр ажээ.


Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, "C/2014 UN271" сүүлт одны цөм нь ихэнх мэдэгдэж буй сүүлт оддынхоос бараг 50 дахин том бөгөөд масс нь 500 их наяд тоннд хүрч магадгүй байна. 


Макаогийн Шинжлэх ухаан-технологийн их сургуулийн эрдэмтэд энэ оны нэгдүгээр сард “Хаббл” дурангаар авсан сүүлт одны таван зурагт дүн шинжилгээ хийснээр ойролцоо хэмжээг нь мэдэж чаджээ. “Сүүлт од хангалттай том байж магадгүй гэж бид таамаглаж байсан ч үүнийг батлахын тулд бидэнд илүү сайн мэдээлэл хэрэгтэй байсан” судалгааны удирдагч Манто Хуй ярив.


NASA-гийн мэдээлснээр, Бернардинелли-Бернштейн сүүлт од нарны аймаг руу цагт 35.4 мянган километрийн хурдтайгаар ойртож байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн тооцооллоор, уг сүүлт од нь "нар луу хэзээ ч 1.6 тэрбум километрээс илүү ойртохгүй" байх траектортай гэнэ. Энэ нь нарнаас Санчир гараг ​​хүртэлх зайнаас бага зэрэг хол зай бөгөөд 2031 оноос нааш ийм зайтай наранд ойртохгүй байна.


Аварга сүүлт од "C/2014 UN271"-ийг одон орон судлаач Педро Бернардинелли, Гари Бернштейн нар Чили дэх Америк хоорондын “Серро-Тололо” ажиглалтын төвд Харанхуй энергийг судлах төслийн архивын зургуудыг судалж байхдаа нээсэн байна. Уг сүүлт одыг анх 2010 онд нарнаас 4.8 тэрбум километрийн зайд байхад нь огторгуйн дурангаар харж байжээ.


 


Связанные новости