Украины хямрал дэлхийн худалдааны өсөлтийг бууруулах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖЕНЕВ. /Xinhua/. Орос, Украины зөрчил дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, 2022 онд 4.7 хувьд хүрнэ хэмээн өнгөрсөн оны 10 дугаар сард урьдчилан таамаглаж байсан дэлхийн худалдааны өсөлтийг 2.4-3 хувьд хүргэн бууруулах төлөвтэй байна.
Дэлхийн эдийн
засгийн симуляцийн загварт тулгуурсан энэ тооцооллыг Дэлхийн худалдааны
байгууллагын /ДХБ/ Нарийн бичгийн дарга нарын газар даваа
гарагт танилцуулжээ. Уг загвараар хямрал дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний
өсөлтийг энэ онд 0.7-1.3 хувиар бууруулж, 3.1-3.7 хувьд хүргэж болзошгүй байна.
Үүсээд буй зөрчил
нь хүнс, эрчим хүчний үнийг өсгөж, Орос, Украинааc экспортлогддог бараа бүтээгдэхүүний
хүртээмжийг бууруулж байгааг тайланд дурджээ. Мөн Орос, Украин нь нэн
хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд, тэр
дундаа хүнс, эрчим хүчний гол нийлүүлэгчид гэдгийг тодотгосон байна.
Тодруулбал, хоёр
орон 2019 онд дэлхийн үр тарианы ойролцоогоор 25 хувийг, арвайн 15 хувийг, наран
цэцгийн бүтээгдэхүүний 45 хувийг нийлүүлсэн байна. Мөн Орос улс дангаараа
дэлхийн түлшний худалдааны 9.4 хувийг, түүний дотор байгалийн хийн экспортын 20
хувийг эзэлдэг.
Түүнчлэн Орос нь автомашины
катализаторын үйлдвэрлэлийн чухал элементүүд болох палладий, родийн дэлхийн гол
нийлүүлэгчдийн нэг бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэл Украины нийлүүлдэг
неоноос ихээхэн хамааралтай байдаг. Иймд эдгээр материалын нийлүүлэлт тасалдах
нь хагас дамжуулагчийн хомсдолоос дөнгөж сэргэж буй автомашины үйлдвэрлэлийн
салбарт нөлөөлж болзошгүйг ДХБ онцлон тэмдэглэжээ.
Орос, Украины аль
алийнх нь экспортын гол цэг болох Европын хувьд дээр дурдсан эдийн засагт учрах
нөлөөлөл нь хамгийн хүнд байх төлөвтэй байна. Мөн үр тариа болон бусад хүнсний
бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг мөн хөөргөдүүлнэ.
Африк болон Ойрхи
Дорнод нь амуу тарианыхаа хэрэгцээний 50 гаруй хувийг Украин болон Оросоос импортолдог
тул мөн хамгийн эмзэг бүс нутагт тооцогдож байна. Нийтдээ Украин, Орос болон
тус хоёр улсын аль алинаас нь Африкийн 35 орон хүнс, 22 орон бордоо
импортолдолдог байна.
Мөн Сахараас
урагш орших Африкийн орнуудад үр тарианы үнэ 50-85 хувиар өсөж магадгүй байгааг
тайланд дурджээ. “COVID-19”
цар тахал болон бусад хүчин зүйлийн улмаас хүнсний үнэ түүхэн дээд хэмжээнд
хүрээд буй энэ цаг үед үүссэн хямрал нь олон улсын хүнсний баталгаагүй байдлыг улам
даамжруулах төлөвтэй байгааг мөн анхааруулсан байна.