ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2022: Ханнес Асток: Монгол Улс цахим шилжилтийг амжилттай хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2022”-ын
хүрээнд өнөөдөр “Дижитал шилжилт” сэдвээр хэлэлцүүлэг боллоо. Энд оролцсон Эстони
улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, тус
улсын “Цахим засаглал” академийн гүйцэтгэх захирал Ханнес Астокоос тус улсын цахим шилжилтийн туршлага, энэ талын манай
улсын үйл явцын талаар тодрууллаа.
-Манай улс цахим шилжилтийг яг танай улс шиг
хийж байна. Үүний ач холбогдол үр дүнг дурдана уу?
-Эстони бол 1.3 сая хүн амтай жижиг улс. Гэсэн хэдийнэ цахим шилжилтийн хувьд дэлхийд дээгүүрт тооцогдож бусад улс бидний туршлагаас хуваалцдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ чиглэлд Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, авч буй арга хэмжээ маш оновчтой байгаа бөгөөд зөв чиглэлд хандан хөгжиж байна гэж үзэж байна. Миний бодлоор E-Mongolia систем Эстони улсын гар утсанд зориулсан системүүдээс илүү сайн болсон гэж бодож байна. Цар тахлын үеийг ашигтайгаар эргүүлж e-Mongolia-аар дамжуулан цахим шилжилтийг ард иргэддээ богино хугацаанд хүргэсэн. Тиймээс Монгол Улс маш амжилттай цахим шилжилт хийж байна.
-Танай улс, тодруулж хэлбэл, танай байгууллага
академи манай улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллахаар
болж байна. Үүний гол зорилго, үр
дүн юу байх вэ?
-Өчигдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд хийх хамгийн чухал ажил бол Монгол Улсын цахим шилжилтэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Мөн цахим засаглалыг хэрхэн бий болгох тал дээр туршлага хуваалцана. Уг шилжилт нь цаанаа өргөн хүрээний дагалдах ажлыг агуулж байдаг. Өөрөөр хэлвэл цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хийж амжаагүй олон ажил байгаа.
Санамж бичгийн хүрээнд цахим засаглалын хүний нөөцийн
чадавхыг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэхэд туршлага хуваалцах, кибер
аюулгүй байдлыг хангахад туслах зэрэг хэд
хэдэн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Эстони улсын хувьд ч Монгол Улсаас сурах зүйл их байна. Жишээ н,ь
миний түрүү дурдсан e-Mongolia системийн
жишгээс бид суралцахдаа таатай байх болно.
-Манай улс одоо цахимжуулалтыг хот суурингийн алслагдсан
гэр хорооллын
иргэд болон аймаг, орон нутгийн
иргэдэд хүргэх ажлыг хийж эхэлж байгаа. Үүнийг яаж холбож хийдэг вэ? Та жишээ, саналаа хэлнэ
үү?
-Монгол Улстай харьцуулахад маш жижиг газар нутагтай хэдий ч Эстонид ч мөн алслагдсан суурин, тосгонууд бий. Хөдөө, алслагдсан газруудад цахим шилжилтийг Монгол Улс аль хэдийнээ e-Mongolia системээр дамжуулан хийгээд эхэлсэн байна. Хүн болгон ухаалаг гар утастай, интернетэд холбогдох боломж өдөр бүр нэмэгдэж байгаа нь алслагдсан газруудад цахим шилжилтийг бий болгох гол суурь нөхцөл, хамгийн том хүчин зүйл юм.