“Монголын эдийн засгийн чуулган”-ы өнөөдрийн хуралдааныг дүгнэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын эхний өдрийн хуралдаан дууслаа.
Өнөөдрийн хурлын төгсгөлд үндсэн болон салбар хуралдаануудын чиглүүлэгч нар оролцож, тус бүрийн удирдсан хурлаар хэлэлцсэн гол асуудлуудыг товчлон танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр чуулганы нээлтэд оролцохдоо “Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно” хэмээсэн. Энэхүү зорилтыг ажил хэрэг болгоход чиглүүлэгч нарын дүгнэлт чухал тул уг дүгнэлт, тойм хэсгийг зохион байгуулсан юм.
“Шинэ Сэргэлтийн Бодлого - Эдийн засагт үүсэж буй сорилт, боломж” нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн 6 зорилтыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг оролцуулахад түлхүү анхаарна гэдгээ илэрхийсэн юм.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөцөө хамгаалахаа илэрхийлсэн бол Тавантолгойн ДЦС зэрэг төслийг дотоодоос санхүүжүүлэх боломж бий гэсэн санааг Эм-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал илэрхийлсэн байна.
Харин олон улсын байгууллагын төлөөлөгчид гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах шаардлагатай байгааг илэрхийлсэн гэдгийг тус хуралдааны чиглүүлэгч эдийн засагч, хараат бус нийтлэгч Д.Жаргалсайхан танилцууллаа.
“Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдаанд оролцогчид үндсэн 11 асуудал хөндсөн байна. Тухайлбал, гадаад бодлогоо нэг цонхоор хэрэгжүүлэх, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлж, Ази, Номхон далайн бүсэд чиглэсэн бодлогоо өргөжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолжээ. Түүнчлэн Зөөвч-Овоонд хийж буй уран олборлолтод хөрөнгө оруулалт хийж, бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулахад анхаарах, гадаад худалдаа, экспортын нэгдсэн зураглал боловсруулах, эдийн засгаа төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлэх, төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжих санал гаргасныг тус салбар хуралдааны чиглүүлэгч Үндэсний аюулгүй байдлын судлаач Т.Төрболд танилцууллаа. Мөн цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлтийг гаргах, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан байна.
Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас иргэд тансаг хэрэглээнээс илүү хүнсний найдвартай хангамж чухал гэдгийг маш сайн ойлгосон энэ үед ОХУ, Украины асуудал үүссэн. Энэ асуудал хамгийн түрүүнд хүнсний хангамжид нөлөөлөх эрсдэлтэй тул “Монгол Улсын хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэл” салбар хуралдааныг зохион байгуулсан нь чухал алхам болсныг тус хурлын чиглүүлэгч МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа онцоллоо. Цар тахлын үед төрөөс хүнсний салбарт ихээхэн татаас, санхүүгийн дэмжлэг олгож байгаа юм.
Цаашид хөнгөлөлттэй зээлээс илүү импортын хямд, чанаргүй хүнс орж ирдэг байдлаас дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тус салбар хуралд оролцогчид онцолжээ.
Мөн хөрш орнууд бараа бүтээгдэхүүнээ Монгол руу экспортлохдоо өндөр татвар тавьдаг хэрнээ Монголоос нийлүүлэхэд хомс боломж олгож байгааг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Бусдаар төрөөс олгож буй хөнгөлөлт чөлөөлөлт, санхүүгийн дэмжлэг сайн байгааг дурдсан байна.
Монгол Улс авлигын индексээр 110 дугаар байрт байгаа. Харин “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр авлигыг бууруулах зорилт дэвшүүлсэн нь туйлын зөв гэдгийг “Төрийн бүтээмжийн сэргэлт, авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал” салбар хуралдаанд оролцогчид онцолжээ. Тус хуралдааны чиглүүлэгч Монгол Телевиз ХХК, Тэнгэрлиг Медиа Групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, “Монгол Улсын ТӨБЗГ-т 108 компани бүртгэлтэй байгаа бөгөөд нийт 50 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байна. Гэтэл нийт компаниудын төсөвт төвлөрүүлж буй орлогын 80 хувийг “Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг цөөн компани бүрдүүлдэг. Тиймээс үр ашиггүй зарим компанийг олон нийтийнх болгохдоо хууль эрхзүйн орчинг нарийвчлан бүрдүүлэх ёстой гэсэн санал гарсан байна.
Ингэхдээ эхний ээлжинд Хөрөнгийн биржийг олон нийтийн болгосны дараа бусад компанийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх нь зөв гэдэгт санал нэгдсэн” гэв.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд болсон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох зайлшгүй шаардлагатай гэсэн санал “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” салбар хуралдаанаар гарсныг чиглүүлэгч “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр танилцууллаа. Түүнчлэн банкууд IPO гаргахаар ажиллаж байгаа, зах зээлд хүлээлт бий болчихсон байгаа энэ үед уг ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй хэмээв.
Сүүлийн 30 жилд Монгол Улс ДЦС шинээр ашиглалтад оруулаагүй бөгөөд энэ нь эрчим хүч, дулааны тариф бодит өртгөөсөө хэт доогуур байна гэсэн дүгнэлтийг “Эрчим хүчний сэргэлт: Үр ашиг, алдагдал” салбар хуралдаанаар гаргажээ. ЭХЗХ-ноос цаашид тарифыг энэ жил тодорхой хэмжээгээр нэмэх, дараа жилээс бодит өртөгтэй уялдуулж явах бодлогыг энэ оноос баримталж эхэлж байгаа аж.
Ингэснээр зарим жил 100 тэрбум хүртэлх төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар цаашид ашигтай ажиллах суурь бэлтгэгдэнэ хэмээн үзэж буйг тус салбар хуралдааны чиглүүлэгч “URECA PTE LTD компанийн үүсгэн байгуулагч Э.Орчлон танилцууллаа.
Эрчим хүчний салбар нь хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой салбар. Дэлхий нийт ногоон технологийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход анхаарч байгаа. Тухайлбал, Монгол Улс ирэх онд сэргээгдэх эрчим хүчний цэнэг хураагуур бий болгохоор ажиллаж байгааг тэрбээр онцлов.
“Боомтын сэргэлт: Тээвэр, ложистикийн хямрал” салбар хуралдаанаар нийт 9 гол санал гаргасныг тус хурлын чиглүүлэгч Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл танилцуулав. Тухайлбал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтыг цогцоор төлөвлөж, экспортыг дэмжих гарц бий болгох бодлого боловсруулах санал гаргасан байна. Түүнчлэн төмөр замын сүлжээг байгуулж, экспортын төмөр замын гарц бий болгох, агаарын тээврийн салбарыг либералчлах, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэх зэрэг санал гаргажээ.
“Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” нэгдсэн хуралдааны чиглүүлэгч СЕО клубийн Ерөнхийлөгч В.Ганзориг, “Цар тахлын үед хэрэгжүүлсэн ажлын үр дүн сайн байгааг Сангийн сайд хэлсэн. Хуралд оролцогчид ихэвчлэн богино хугацааны буюу одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үг хэлсэн. Харин богино болон урт хугацаанд баримтлах бодлого юу байх вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа. Гэхдээ хил гаалийн асуудлаас шалтгаалсан гацаа үүсээд байгааг оролцогчид хэлж байсан. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа зах зээлд валютын нөөцөө нийлүүлж эхлэхээ хэлсэн. Монгол Улс одоогоор 3.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй.
Хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчидтай ярьсны дүнд 3-4 сарын дараа 5 тэрбум ам.долларын нөөцтэй болчих учраас зах зээлд бага багаар нийлүүлнэ.
Одоо огцом нийлүүлж болохгүй байгаа шалтгаан нь ОХУ, Украины асуудал хэр удаан хугацаанд үргэлжлэхийг таамаглах боломжгүй байгаатай холбоотой. Тиймээс Б төлөвлөгөө гэдэг шиг бага багаар явна гэж хэлсэн” гэв.
Ийнхүү “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын эхний өдрийн нэгдсэн болон салбар хуралдаанууд өндөрлөв. Тус чуулган маргааш Сангийн сайд болон “Бостон Консултинг группийн төлөөлөгчийн Үндсэн илтгэлээр эхэлнэ.