Дуунаас хэт хурдан зэвсгийн чиглэлээр хамтран ажиллах "AUKUS"-ийн шийдвэрийг сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Дуунаас хурдан зэвсэг болон ийм зэвсгээс хамгаалах хэрэгсэл бүтээхэд хамтран ажиллаж эхлэх тухай АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн (AUKUS) шийдвэрийг Японы Засгийн газар сайшааж байна. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказу ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Энэ нь Орос улс Украин руу довтлоод буй энэ үед Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотон орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагад цагаа олсон хариу арга хэмжээ" гэж Мацүно онцлон хэлэв. Тэрбээр мөн Япон улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, чөлөөтэй болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд АНУ, Их Британи, Австралитай янз бүрийн түвшинд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж цохон тэмдэглэлээ.
“AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл нь дуунаас хурдан зэвсэг болон түүнээс хамгаалах хэрэгсэл бүтээхэд хамтран ажиллах, кибер салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болсноо дөрөвдүгээр сарын 5-нд мэдэгджээ. Аюулгүй байдлын салбарт гурван улс түншлэл байгуулснаа өнгөрсөн оны есдүгээр сард зарласан билээ.