Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс ОХУ, Украины төлөөлөгчдийн Истанбулд хийх уулзалт хэлэлцээний явцад ахиц дэвшил авчирна гэдэгт найдаж байгаа бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.
Тэрбээр мягмар гарагт "Долмабахче" ордон дахь ажлын өрөөндөө хоёр орны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийжээ.
“Турк оронд, манай Истанбулд тавтай морил. Ийм эгзэгтэй цаг үед та бүхнийг хүлээн авч байгаадаа баяртай байна, та бүхэн улс орныхоо нэрийн өмнөөс маш их хүчин чармайлт гаргасан. Та бүхний нөхөр, хөршийн хувьд бид Украины мөргөлдөөнд сэтгэл ихээхэн зовж байна. Хямрал эхэлснээс хойш бид бүх түвшинд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргаж, найрамдал, сайн хөршийн харилцаа, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхийг хичээсэн. Бид дуу хоолойгоо хүргэх эрхтэй бүх тавцанд хоёр талын аль алиных нь эрхийг хамгаалж, хүндэтгэх шударга хандлагаа харуулсан" гэж Туркийн удирдагч хэлэв.
Тэрбээр Истанбулын уулзалтаар ахиц дэвшил гарсан тохиолдолд Орос, Украины хэлэлцээний дараагийн үе шатанд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. "Хэлэлцээнд та бүхний гаргах ахиц дэвшил нь дараагийн шат буюу удирдагчдын түвшинд холбоо тогтоох боломжийг олгоно. Бид ч мөн ийм уулзалт зохион байгуулахад бэлэн байна" гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Эрдагон Орос, Украины төлөөлөгчдөд хандаж, гал зогсоох дэглэм тогтоохыг уриаллаа.