Нийт зээлийн өрийн үлдэгдэл 24.2 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 2 дугаар сарын эцэст 21.3 их наяд төгрөг болов.
Энэ нь өмнөх сарынхаас 278.7 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 (24.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.6 хувь нь иргэд, 46.4 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 203.8 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (31.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85 хувийг хэвийн зээл эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 нэгж хувиар нэмэгджээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 6.3 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 307.1 (22.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 3 нэгж хувиар багасав.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 68.6 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 140.1 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдллийн 10.1 хувийг чанаргүй зээл эзэлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 нэгж хувиар багасжээ. Арилжааны банкнууд, Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн
өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 5.7 их наяд төгрөг болж, өмнөх
сарынхаас 45.8 (0.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 767.2 (15.6 хувь) тэрбум
төгрөгөөр нэмэгджээ.