Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу “Март-8”

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-07 17:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" мягмар гаригт тохионо. Энэ өдөр бүх нийт (3дугаар сарын 8)-ээр амарна.    


БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 8-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт,“Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын  7-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг  3 дугаар сарын 8-нд жил бүр  тэмдэглэнэ” хэмээн  дурджээ.


Монгол улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болжээ. Түүнээс хойш  эдүгээ 67   жил өнгөрсөн байна.  Харин  1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх зарлиг анхны Ерөнхийлөгч П. Очирбат гарснаар "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр"  тэмдэглэлт өдрөөс хасагдсан удаатай. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд УИХ-ын гишүүн Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар 2003 онд нэмэлт, өөрчлөлт оруулан "Эх үрс"-ийн баярыг эх үрсийн, эмэгтэйчүүдийн гэж хоёр  салгаснаар эргэн сэргэсэн түүхтэй. “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар  төрөөс гаргаж байсан хууль, эрхийн актуудыг сөхөн үзвэл  ийм байна.


Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр өргөн хүрээнд тэмдэглэдэг. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр олон хэлбэр, агуулгаар тэмдэглэх болсон аж. Өдгөө ихэнх улсад улс төрийн, тэмцлийн утга санаа нь алдагдаж, ээжүүдийн баяр, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэх  Гэгээн Валентины өдөртэй төстэйгээр тэмдэглэдэг болсон гэж олон улсын судлаачид үзэх болжээ.


Монгол улс ч “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг  тэмдэглэх  болсон нь анх ЗХУ (ОХУ)-аас эхтэй гэж үздэг. Тус улсад эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар  сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулжээ. Энэ өдөр нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар  сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн  тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байсан байна.   Энд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах утга агуулга байсан байна. Харин Монгол улсад орж ирэхдээ баяр байх нөхцөл нь давамгайлсан бололтой.


Энэ өдрийг тэмдэглэж эхлэхдээ  эмэгтэйчүүд эрхийг хамгаалах, гэхээс илүүтэй баяр, ёслолын байдал давамгайлж ирсэн байна. ОХУ-д эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхдээ 3 дугаар сарын 8-нд амардаг. Харин 3-4 хоног үргэлжилж бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг онцлогтой байх жишээтэй.  Хоёр орны хувьд сайн хөршүүд, олон жилийн хамтын ажиллагаатай ойр дотно байсаны хувьд ОХУ-аас манай улсад  орж ирэхдээ  энэ тэмдэглэлт өдөр баяр ёслолын байдал нь давамгайлжээ гэлтэй.


Зөвхөн манай хоёр улс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэхдээ  эмэгтэйчүүдийн эрхийнхээ төлөө тэмцэх утга санааг алдагдуулсан биш юм билээ. Тухайн өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг улс орнууд дэлхий дээр олон байна. Тухайлбал, Итали улсад “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг “la Festa della Donna” гэдэг  бөгөөд бүсгүйчүүдэд “mimosa” цэцэг бэлэглэдэг байх жишээтэй.  Тус улсад дэлхийн хоёрдугаар дайны үеэс энэ өдрийг  тэмдэглэж эхэлжээ.  БНХАУ-ын Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан байдаг аж. Гэхдээ ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг тухай зарим эх сурвалж мэдээлсэн байх юм.


АНУ-д нэг өдрийг бус гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг. Жил бүрийн гуравдугаар сарын найманд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг гэнэ.


Ер нь дэлхий нийтэд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг  тогтмол тэмдэглэх болсоор 100 гаруй  жил болсон гэж үздэг байх юм. АНУ-д 19 дугаар зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан  хүчээ авч эхлэхэд, үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин  1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ. Мөн тус улсын социалист нам (америк)-ын шийдвэрээр анх удаа 1909 оны 2 дугаар сарын 28-нд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  олон улсын өдөр”-ийг тэмдэглэжээ.


Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар  Социалист Интернационалын хурлын  өмнө зохион байгуулсан эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлаас гаргасан юм байна.


Сүүлийн жилүүдэд олон сая эмэгтэйчүүд цахим сүлжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон байна. Тэд өөртөө тохиолдсон хүчирхийлэл, ажлын байрны дарамтад өртөж байсан талаараа хуваалцаж эхэлсэн нь хэний ч төсөөлөөгүй өргөн цар хүрээтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн болж өргөжжээ.  

Связанные новости