Э.Блинкен Бельги, Польш, Молдова, Латви, Литва болон Эстони улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-03-03 11:16:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гуравдугаар сарын 3-наас 8-ны хооронд  Бельги, Польш, Молдова, Латви, Литва болон Эстони улсад айлчилна гэж Төрийн департаментын хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлжээ.


Э.Блинкен Бельгид НАТО болон “Долоогийн бүлэг”-ийн гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нарын уулзалтад оролцох аж. “Энэ удаагийн айлчлал нь Украины эсрэг урьдаас төлөвлөсөн, шалтгаангүй, үндэслэлгүй явуулж буй Оросын дайны талаар НАТО дахь манай холбоотнууд, Европын түншүүдтэй хийж буй үйл ажиллагаагаа уялдуулах өргөн хүрээтэй зөвлөлдөх уулзалтын үргэлжлэл юм" гэж Төрийн департаментын мэдээнд дурдсан байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Брюссельд мөн "Оросын түрэмгийллийн эсрэг дэлхий дахины авах хариу арга хэмжээ, Орост асар их үр дагавар, эдийн засгийн хүндрэл учруулах талаар холбоотнууд, түншүүд хоорондын уялдаа холбоог үргэлжлүүлэх зэрэг асуудлаар түншүүдтэйгээ нэмэлт уулзалт хийнэ" гэж тэмдэглэжээ.


Польшид Э.Блинкен тус улсын Гадаад хэргийн сайд Збигнев Раутай, Молдова улсад Ерөнхийлөгч Майя Санду, Ерөнхий сайд Наталья Гаврилица, Гадаад хэргийн сайд Николай Попеску нартай уулзана.


Латви, Литва, Эстони улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн эдгээр улсын удирдагчидтай уулзаж, "Украиныг дэмжих, НАТО-гийн тогтоон барих болон батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх хамтын хүчин чармайлт"-ыг хэлэлцэнэ Төрийн департамент мэдээлжээ. 


Связанные новости