Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэсэн 5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Омни актив ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2 дугаар сарын 21-24-нд болж дуусав. Арилжааны системд стратегийн 5 хөрөнгө оруулагчаас 2,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 5 захиалга, олон нийт буюу 124 хөрөнгө оруулагчаас 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 125 захиалгыг бүртгэжээ. Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарь бүхий төлөвлөгөөний дагуу захиалгыг 100 хувь биелүүлэв.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаас нь ирээдүйд төлөх зээлийн багцын хөрөнгө оруулагч нарт тогтмол өгөөж,
таатай нөхцөлөөр санал болгож буй бүтээгдэхүүн юм. Хөрөнгө оруулагч бүр өөрийн
багцын олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг бүрдүүлж олон сагсанд байршуулдаг. Энэхүү
бүтээгдэхүүн худалдан авагчийн багцад байвал зохиох шалтгаан нь таатай нөхцөл,
өндөр хяналтын тогтолцоо юм.
“Омни Актив ТЗК”-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь жилийн 14,5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй үндсэн төлбөр 12 сар тутам төлөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, үнэт цааснаас хоёр дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүн болов. Хөрөнгө оруулалтын нэгжийн үнэ 100 мянган төгрөг байж, нээлттэй зах зээлээс нийт 5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зарласан юм.
Хөрөнгийн
зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүн хувьцаа, бондоос гадна шинэ
төрлийн бүтээгдэхүүн хөгжиж байна. Түүний нэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаас бөгөөд “Омни Актив ТЗК” энэ төрлийн хоёр
дахь бүтээгдэхүүнийг гаргаж арилжлаа. Энэхүү шинэ төрлийн санхүүгийн
бүтээгдэхүүний онцлог нь ирээдүйд мөнгөн урсгал бий болгох боломжтой
чанартай активууд дээр суурилж гаргах боломжтой. Тухайлбал, түрээсийн ААН-үүд ирээдүйд орж ирэх тогтмол орлогоороо
суурилж энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах бололцоотой.