Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гарган нээлттэй болгох нь чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцан өнөөдрийн арилжааны цанг цохилоо. Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүрээнд компани, ААН-үүдийн засаглалыг сайжруулах зорилт тавигдаад буйг онцлов.
Үүний нэг арга зам нь төрийн болон
төрийн өмчийн оролцоотой компаниудыг хөрөнгийн зах зээлд гарган үйл ажиллагааг олон
нийт, нийгэмд ил тод, нээлттэй болгох нь чухал байгааг тодотгов. Энэ хүрээнд
өнөөдөр компаниудын хувьцаа эзэмшлийг хөндсөн юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар нийтдээ 102 байна. ТӨБЗГ-ын харьяанд өнөөдөр өөрийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж буй төрийн өмчит 49 компани байгааг тэрээр мэдээллээ. Бусад компани салбар салбарын харьяанд 30 болон 70 хувийн эзэмшлийн харьцаатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь, эрчим хүчний команиуд гэхэд төрийн өмчийн эзэмшлийн 30 хувь нь төрийн өмчийн мэдэлд байгаа бол 70 хувийг салбарын сайдын мэдэлд хэрэгжүүлж байна. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн өмчийн эзэмшлийн 70 хувь нь УУХҮЯ-нд, үлдэх хувь нь ТӨБЗГ-т байсан бол Засгийн газрын шийдвэрээр 100 хувь “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлээд байна.
Олон улсын байгууллага, Хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын судалгаагаар хувьцаа эзэмших эрхийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага эрхлэх байдлаар компаниудын хувьцаа эзэмшил төвлөрсөн байх ёстой хэмээн үздэг. Манайд ийм байдлаар явах саналыг холбогдох байгууллагад тавиад буйг тэрээр дуулгалаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Уг хуульд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх талаар тусад нь тусгахаар болж байгаа. Энэ нөхцөлд компаниудын хувьцаа эзэмшлийн дээрх асуудал цэгцэрнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тэрээр, олон улсын нэр хүнд бүхий “Bloomberg" агентлагаас
Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр өсөлттэй (130 хувь) зах
зээлээр нэрлэснийг онцолж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй
төрийн өмчит компаниас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь 2021 онд өндөр ашигтай
ажилласан цөөн компанийн нэг болсныг тодотгов.
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, төрийн өмчит компаниуд хөрөнгийн зах зээлд орж ирэх
нь үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод болж засаглал сайжрах, ашигт ажиллагаа нэмэгдэх
зэрэг олон талын ач холбогдолтойг онцолж байв. Үүнд тэрээр, 2016 онд хөрөнгийн
зах зээлд төрийн эзэмшлийнхээ 34 хувийн хувьцааг гарган олон нийтэд амжилттай
арилжсанаар цэвэр ашгийн үзүүлэлтээ 10 дахин, хувьцааны үнэ нь 5 дахин, өөрийн
хөрөнгийн хэмжээгээ 2 дахин өсгөсөн “Монгол шуудан” компанийн жишээг дурдаж
байв.