Ж.Трюдо жагсагчидтай хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо коронавирусний хязгаарлалтыг эсэргүүцэгчидтэй уулзах бодолгүй байна. Энэ тухайгаа тэрбээр даваа гарагт цахимаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Би өмнө нь дэвшүүлж буй асуудалтай нь санал нэгдэж, санаа зовниж буйгаа илэрхийлэхийг нь дэмжиж байсан эсэргүүцлийн жагсаалд очиж байсан. Үүний тод жишээ бол “Black Lives Matter” /Оттавад 2020 оны зун болсон/ юм. Харин би иргэдэд үзэн ядалт, хүчирхийллийг илэрхийлсэн жагсаалыг дэмжихгүй байхаар шийдсэн" гэж Ж.Трюдо түүний Засгийн газрын гишүүд болон тэрбээр жагсаалд оролцогчидтой хэлэлцээ хийх үү гэсэн асуултад хариулахдаа хэлсэн байна.
"Канадчууд тайван жагсаал хийх эрхтэй, гэхдээ хүчирхийлэл хэрэглэж, үзэн ядалтыг тараах эрх байхгүй" гэж тэрбээр хэлжээ. Энэ удаагийн жагсаалын үеэр эвдэн сүйтгэсэн, жижиг бизнес эрхлэгчдийг заналхийлсэн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг илэрхийлсэн "маш олон" тохиолдол гарсан гэж Ж.Трюдо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр канадчууд “үүнд цочирджээ”. "Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах туг мандуулсан хүмүүст бид бууж өгөхгүй" гэж Канадын Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр жагсаалд оролцогчдыг “шалихгүй цөөнх” гэж дахин нэрлээд, Оттавад ирсэн хүмүүс коронавирусний вакцинд 90 хувь нь бүрэн хамрагдаад байгаа холын тээвэрчдийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй гэж мэдэгджээ.
Коронавирусний халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн томоохон жагсаал Оттава хотод нэгдүгээр сарын 29-нд эхэлж, даваа гарагт гурав дахь өдрөө үргэлжилсэн байна. Уг жагсаалыг Канадын холын тээврийн жолооч нар санаачилжээ. Нийслэл хотын цагдаагийн газраас эхний өдөр жагсагчдын тоог мэдээлээгүй хэвээр байна. Амралтын өдрүүдэд жагсагчдын тоо тодорхойгүй байгаа ч төв гудамжаар хөл хөдөлгөөн ихтэй байснаас харахад хэдэн арван мянган хүн оролцсон байж магадгүй байна. Амралтын өдрүүдэд жагсаалд ирсэн хүмүүсийн ихэнх нь ажилдаа явсан тул даваа гарагт хотын төвд ачааны машины жолооч нар болон тэднийг дэмжигчид голдуу жагсжээ.
Өнгөрсөн бямба гарагт олон нийтийн сүлжээгээр нэгэн эмэгтэй Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин дээр бүжиглэж буй дүрс бичлэгүүд таржээ. Үүнээс гадна, үл таних этгээдүүд үндэсний баатар Терри Фоксын хөшөөний хүзүүнд Канадын далбааг зүүж, гарт нь тус улсын далбааг уруу харуулан зүүсэн тугны иш зоосон байна. Цагдаагийнхан эдгээр хэргийг шалгаж эхэлжээ. Жагсаалын үеэр мөн хас тэмдэгтэй туг барьсан хүмүүс харагдсан байна. Эдгээр хүмүүс өдөөн хатгагчид байсан гэж жагсаалыг зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Трюдо аюулгүй байдлын үүднээс бямба гаргийн орой гэр бүлийн хамт нийслэл хот дахь өргөөгөө орхин явсан бол, даваа гарагт коронавирусний халдвар авсан гэдгээ мэдэгджээ.