Хуситууд АНЭУ-ын эсрэг шинэ цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /TASS/. Йемений босогчдийн “Ансар Аллах” хөдөлгөөн /хуситууд/ Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нутагт шинэ цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж буйгаа удахгүй мэдэгдэнэ гэж босогчдын албан ёсны төлөөлөгч, бригадын генерал Яхья Сариа твиттер хуудсандаа мэдээлжээ.
"АНЭУ-ын нутаг дэвсгэрийн гүнд томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан Йемений Зэвсэгт хүчний (хутистууд) чухал мэдэгдлийг удахгүй нийтэлнэ" гэж “Ансар Аллах”-ын хэвлэлийн төлөөлөгч бичсэн байна.
АНЭУ-ын эрх баригчид босогчдын энэ мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.
Нэгдүгээр сарын 17-нд хуситууд Абу-Дабигийн Газрын тосны үндэсний компанийн дэд бүтэц, мөн АНЭУ-ын нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох барилгын талбай руу дрон, баллистик пуужин ашиглан халдлага үйлдсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тус компанийн нэг байгууламжид гарсан галын улмаас дөрвөн хүн амиа алдаж, тавь гаруй хүн гэмтэж бэртжээ.
Абу-Даби руу харвасан хуситуудын хоёр баллистик пуужинг амдан сөнөөж, устгасан талаар АНЭУ-ын Батлан хамгаалах яам нэгдүгээр сарын 24-ний шөнө мэдээлсэн байна. Үүний дараа тус яам “Ансар Аллах” хөдөлгөөний баллистик пуужин харвагчийг устгасан гэж мэдэгджээ.