Булган аймаг энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Visit Bulgan-2022” форум зохион
байгуулан энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлалаа. Аймгийн Засаг
дарга Б.Ариун-Эрдэнэ:
-
Манай аймгийн хувь ард иргэд, аж ахуйн
нэгжийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас
хөгжлийн олон тулгуурт эдийн засагт аажмаар шилжих, эдийн засгийн бааз сууриа бэхжүүлэхэд
2020 оноос эхлэн аялал жуулчлалын салбарт бүхэлд нь анхаарч, энэ салбарын үзэл
баримтлалыг хөхиүлэн дэмжих болсон. Өнгөрсөн 2021 оны “хог хаягдалгүй аялал
жуулчлал хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд дотоодын аяллын замын дагуу
отоглох цэг байгуулж, алс бөглүү газарт интернэтийн сүлжээтэй болголоо. 2022
оныг ногоон аялал жуулчлалыг дэмжсэн байгаль, дэлхийд ээлтэй аялал жуулчлалыг
хөгжүүлнэ. Аймаг орон нутгийн эдийн засгийг тэлж, хөгжлийн бодит боломжийг бий
болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Тиймээс аялал жуулчлалын
үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана гэлээ.
“Visit Bulgan”
форумд “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого”, “Аялал
жуулчлалын салбарын дижитал шилжилт”, “Хөдөө орон нутагт аялал жуулчлал
хөгжүүлэх боломж” зэрэг сэдвээр БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын
газрын мэргэжилтэн Б.Одбаяр, “Айхотел” ХХК-ийн өсөлтийн менежер Г.Анхбаяр, “Mongolian
guide tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах нар илтгэл тавилаа. Форумаас аялал
жуулчлалын жилд “Эко аялал жуулчлалын жишиг аймаг болох” зорилт дэвшүүлж, жилийн
ажлыг зохион байгуулах баг байгуулан, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталлаа.