Дэлхийн улс орнуудын удирдагчдын шинэ жилийн мэндчилгээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-02 13:41:03

БЭЭЖИН. /China News/. Дэлхий дахин түүхийн шинэ хуудсыг нээж, шинэ он айлчлан ирсэнтэй холбогдуулан улс орнуудын удирдагчид, олон улсын байгууллагуудын тэргүүн нар “COVID-19” цар тахлын сүүдэрт өнгөрсөн 2021 оноо дүгнэж, ирж буй ондоо эвлэлдэн нэгдэж, эрчимтэй сэргэхийг уриалжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дүрс бичлэгээр дамжуулсан хийсэн шинэ жилийн мэндчилгээндээ дэлхий дахинд эвлэлдэн нэгдэж, бие биенээ тусалж дэмжин 2022 оныг бүх нийтийн хувьд сэргэсэн, хэвийн байдалдаа эргэн орсон жил болгохыг уриалсан байна.  


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын хувьд улс орнуудад “явцуу үндсэрхэг үзэл баримталж, вакцин нөөцлөхөөс” зайлсхийхийг дахин уриалжээ. Тэрбээр дэлхий дахины улс орнууд хамтран ажилласнаар 2022 онд цар тахлыг зогсоож чадна хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ Орос улс олон тооны сорилттой нүүр тулгарсан ч ард түмэн ийм хүнд хэцүү нөхцөлд амьдарч, хүндхэн асуудлуудыг зохицуулж сурсныг онцолжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, цаашид тулгарах аливаа сорилтыг нэгдмэл байснаар зоригтойгоор даван туулж чадна гэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинэ он айлчлан ирж буйг тохиолдуулан нийгмийн сүлжээндээ нийтэлсэн дүрс бичлэгтээ цар тахлын эсрэг тэмцэл үргэлжилж буй энэ энэ цаг үед америкчуудын тэсвэр хатуужлыг сайшаан магтаад, “Бид бүхэн эвлэлдэн нэгдсэн цагт АНУ-д хийж бүтээж чадахгүй зүйл үгүй” гэж хэлжээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ жилийн мэндчилгээндээ баярын үйл ажиллагаанд оролцож буй бүх хүнд анхаарал сэрэмжтэй байж, халдвар хамгаалын дэглэмээ баримтлахыг уриалжээ. Мөн 2022 оныг аз жаргалтай жил болгохын төлөө вакциндаа хамрагдахыг олон нийтэд уриалсан байна.


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон коронавирусний халдварын үзүүлэлтүүд дахин эрс нэмэгдэж байгаа тул ойрын долоо хоногуудад нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Тэрбээр өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын ач холбогдлыг дахин нотлоод, 2022 онд дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.  


Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэл хараахан дуусаагүй байгааг “омикрон” хувилбар шинээр үүссэн явдал харуулж байгааг онцлоод, цаашид тулгарах урт хугацааны сорилтуудыг эвлэлдэн нэгдэж тууштайгаар даван туулахыг сингапурчууд уриалсан байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сүүлийн хоёр жилийн хугацаанд халдвараас урьдчилан сэргийлэх галын шугамыг хамгаалсан эмнэлгийн ажилтнууд, саад бэрхшээлийг даван туулсан жижиг үйлдвэр, бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлжээ. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч бүид бүхэн шинэ жилээ итгэл найдвараар дүүрэн угтаж байна гэж тэрбээр хэлжээ.


Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте шинэ жилийн мэндчилгээндээ дахин нэг жил цар тахлын сүүдэрт өнгөрснийг дурдаад, 2022 он филиппинчүүдэд шинэ эхлэл, шинэ боломжуудыг авчирч байна гэв.


Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон 2021 оныг ойн түймэр, цар тахалд нэврэгдсэн хүндхэн жил байсан хэмээн дүгнээд, 2022 онд эдийн засгаа бэхжүүлж, австраличуудын аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдийг эргэн уулзуулахын төлөө ажиллана гэсэн байна.


Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хувьд коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, улс оронд цар тахлаас үүдэн хэдий хэмжээний хохирол учирсанд үнэлгээ хийж байгаагаа мэдэгдсэн байна. 

Связанные новости