Бахрейн Дамаскт Элчин сайдаа томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-31 14:30:43

МАНАМА. /France24/. Бахрейн Сиритэй дипломат харилцааны түвшнээ бууруулснаасаа хойш анхны Элчин сайдаа пүрэв гарагт Дамаск хотод томилжээ.


Бахрейны төрийн мэдээллийн “BNA” агентлагийн мэдээлснээр, Вахид Мубарак Сайярын томилгоо нь Ерөнхийлөгч Башар аль-Асадтай харилцаагаа сэргээж буй Арабын орнуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ойрхи Дорнодын дипломат ажиллагаанд гарч буй өөрчлөлтийн нэгээхэн хэсэг ажээ.


Сирийн Засгийн газар 2011 онд жагсаал цуглааны эсрэг хүч хэрэглэж, улмаар иргэний дайн дэгдсэний дараа Персийн булангийн Арабын орнууд Дамасктай харилцааны түвшнээ бууруулж, төлөөлөгчийн газруудаа хаасан юм.


Харин 2018 оны сүүлээр Дамаск дахь төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг сэргээсэн Арабын Нэгдсэн Эмират Улс өнгөрсөн сард Гадаад хэргийн сайдаа Дамаск руу илгээж, тэрбээр Б.Асадтай уулзсан юм. Тус улс нь Сирийг Арабын Лигийн гишүүнээр дахин хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.


Оман өнгөрсөн онд Сирид Элчин сайдаа дахин томилсон Персийн булангийн анхны орон болжээ. 

Связанные новости