В.Путин, Ж.Байден нар шинэ оны дараа яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан нар шинэ оны дараа яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Хоёр удирдагчийн дараагийн хэлэлцээ хийх өдрийг аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээ хэрхэн өрнөхөөс шалтгаалж товлоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар пүрэв гаргийн орой утсаар ярьсан бөгөөд 50 минут үргэлжилсэн байна.
“Өнөөдөр болсон хэлэлцээ илэн далангүй, гүнзгий агуулгатай, тодорхой байсан тул бид зарчмын хувьд сэтгэл хангалуун байна. Ерөнхийдөө энэ удаагийн яриа хэлэлцээ нэлээд үр ашигтай болж өнгөрсөн гэж хэлж болно” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний хэлснээр, хоёр улсын Ерөнхийлөгч нар яриа хэлэлцээнд маш сайн бэлтгэгдсэн байсан бөгөөд хэлэлцээгээ шинэ оны дараа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үеэрээ "өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авах" талаар дахин дурдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч хариу мэдэгдэхдээ, энэ нь хоёр улсын харилцааг бүрэн мөсөн таслахад хүргэж болзошгүй том алдаа болно хэмээн анхааруулжээ.
Ийм хориг арга хэмжээ нь маш ноцтой үр дагаварт хүргэнэ гэж Оросын удирдагч нэмж хэлээд Москва ийм зүйл болохгүй гэж найдаж байна хэмээсэн байна.
В.Путин мөн Ж.Байденд Орос улс аюулгүй байдлаа хангах асуудалд АНУ ямар арга хэмжээ авна яг адилхан арга хэмжээ авна гэдгийг мэдэгджээ.
Үүнээс гадна, Ю.Ушаковын хэлснээр, Ж.Байден "АНУ Украинд давшилтын зэвсэг байрлуулах төлөвлөгөөгүй байгааг тодорхой хэлсэн байна".
Оросын удирдагч мөн АНУ, НАТО-д хүлээлгэн өгсөн стратегийн аюулгүй байдлын баталгааны тухай баримт бичигт заасан үндсэн зарчмуудыг тодорхой хэлж өгсөн гэж Ю.Ушаков мэдээлжээ.
В.Ушаковын мэдээлснээр, аюулгүй байдлын баталгааны асуудлаарх хэлэлцээ Женев (Орос-АНУ), Вена (ЕАБХАБ), Брюссель (НАТО) гэсэн гурван газар явагдана.