Японы Засгийн газар ганцаардалтай тэмцэх хөтөлбөр баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар ганцаардлын бэрхшээлийг арилгах, ийм асуудлаар өдөр бүр зөвлөгөө өгөх тогтолцоо бий болгох зорилготой хөтөлбөрийг мягмар гарагт баталжээ. Засгийн газар ганц бие хүмүүс аажмаар харилцаанд оролцож, ажил эрхлэх боломжийг олж авах янз бүрийн платформ байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын үндэсний олон нийтийн телевиз мэдээлэв.
Тус телевизээр мэдээлснээр, Японы Засгийн газар ганц бие хүмүүсийн тоог гаргаж, тэдэнд туслах зорилгоор орон даяар тооллого явуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг хариуцсан тусдаа газар байгуулагдсан юм. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг бий болгосон бөгөөд одоо энэ албан тушаалыг төрөлт, бүс нутгийн асуудал хариуцсан сайд Нода Сэйко давхар хашиж байна.
Японд ганцаардлын асуудал амиа хорлолттой салшгүй холбоотой. 2020 онд амиа хорлолтын тоо сүүлийн 11 жилд анх удаа өссөн байна. Өнгөрсөн онд 21 мянга гаруй хүн амиа хорлосон нь өмнөх оныхоос 912-оор нэмэгдсэн үзүүлэлт аж. 2019 онд тус улс 1978 оноос ийм статистик хөтөлж эхэлснээс хойш хамгийн бага амиа хорлолт бүртгэгдсэн байна. Амиа хорлолтын тоо арван жил дараалан буурсан ч коронавирусний цар тахлын үед нэмэгджээ.