Беларусийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-28 10:43:24

МИНСК. /BBC/. Беларусийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг даваа гаргийн орой тус улсын үндэсний хууль эрх зүйн цахим хуудсанд нийтэлжээ. 


Уг баримт бичигт өөрийн нутаг дэвсгэрээс бусад улсын эсрэг цэргийн түрэмгийлэл явуулахгүй байх, сонгуулийг гадаадын иргэн, байгууллагаас санхүүжүүлэхийг хориглохыг санал болгосноос гадна, Беларусийн Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэнд тавигдах шаардлагыг “40-өөс дээш насны (өмнө нь 35 нас байсан), сонгуулийн өмнө дор хаяж 20 жил эх орондоо байнга оршин суусан иргэнийг таван жилийн хугацаатай, хоёр удаа сонгоно гэж өөрчилсөн байна. 


Түүнчлэн Үндсэн хуулийг системтэйгээр эсвэл бүдүүлгээр зөрчсөн, эх орноосоо урвасан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг Бүх Беларусийн Ардын Хурал албан тушаалаас нь огцруулж болно гэж тэмдэглэжээ.


Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко олныг хамарсан жагсаал цуглаан, сөрөг хүчнийхний эсрэг хэлмэгдүүлэлтийн давлагаа, барууны хэд хэдэн улс Лукашенког Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхгүй тухай мэдэгдэл хийхэд хүргэсэн тус улсын ерөнхийлөгчийн сүүлчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ард түмэндээ илгээсэн илгээлтдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анх дурдсан юм. 


Эдгээр болон парламент, иргэн ба байгууллагын эрхийн тухай нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгыг 2022 оны хоёрдугаар сард явуулах ёстой. Санал хураалтын өмнө олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.


Связанные новости