Израил Голаны өндөрлөгт хоёр шинэ суурин барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израил улс Голаны өндөрлөгт Асиф, Матар гэсэн хоёр шинэ суурин, мөн Кацрин хотод нэмж хоёр хороолол барихад 1 тэрбум шекел буюу 310 сая гаруй ам.доллар хуваарилахаар болжээ.
Ийм мэдэгдлийг Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет Голаны өндөрлөгт ням гарагт хийсэн тус улсын Засгийн газрын явуулын хурлын үеэр хийсэн байна.
"Олон жилийн зогсонги байдлын дараа өнөөгийн бидний зорилго бол Голаны өндөрлөгийн хүн амыг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд бид Кацрин хотыг хоёр шинэ дүүргээр бэхжүүлнэ. Үүний тулд бид Голаны өндөрлөгт Асиф, Матар гэсэн хоёр шинэ суурин бий болгоно. Үүнд бид их хэмжээний хөрөнгө хаяж, 1 тэрбум орчим шекел хуваарилна" гэж тэрбээр мэдэгджээ.
“Голаны өндөрлөг бол Израилынх гэдэгтэй маргах аргагүй. Энд (Голаны өндөрлөг) Израилын хууль 1981 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд энэ баримтыг хэлэлцэх шаардлагагүй" гэж Беннет үргэлжлүүлэн хэлжээ. “АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа Голаны өндөрлөг бол Израилын нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа улс төрийн энэ бодлого ямар ч байдлаар өөрчлөгдөхгүй гэдгийг тодорхой хэлсэн нь бас чухал ач холбогдолтой юм” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Голаны өндөрлөгийн бүтээн байгуулалтад зориулж байгаа 1 тэрбум шекелээс "500 сая гаруй нь төлөвлөлт, орон сууцны барилгад зориулагдана" гэж Ерөнхий сайд мэдэгдэв. Түүний мэдээлснээр, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааг хөгжүүлэхэд 162 сая, тээвэр, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжуулахад 160 сая шекел зарцуулах аж.
Израилын төрийн мэдлийн “Kan” радиогоор мэдээлснээр, Засгийн газрын сайд нар ням гарагт Голан дахь Мево-Хама хөдөө аж ахуйн сууринд хуралдах үеэрээ тус өндөрлөгийн бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөг баталжээ.
1940-өөд оноос хойш Сирид харьяалагдаж байсан Голаны өндөрлөгийг 1967 онд Израил улс зургаан өдөр үргэлжилсан дайнаар эзлэн авчээ. 1981 оны 12 дугаар сард Кнессет (Израилын парламент) энэ нутаг дэвсгэрт тусгаар тогтнолоо дангаар тунхагласан хуулийг баталжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 497 дугаар тогтоол баталж, Голаны өндөрлөгийг Израилд нэгтгэснийг хууль бус гэж зарласан байна.