Кабулын нисэх онгоцны буудлыг удирдах талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-25 13:57:57

АНКАРА. /Anadolu/. Турк, Катар улсууд Кабулын нисэх онгоцны буудлыг удирдах асуудлаар “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй зарчмын тохиролцоонд хүрчээ.


Нисэх онгоцны буудлын ашиглалтын талаарх "үр дүнтэй хэлэлцээ"-ний явцад талууд ойрын өдрүүдэд техникийн хороодын түвшинд зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхээр техникийн нэгдсэн ажлын хэсэг байгуулах талаар зөвшилцөлд хүрсэн байна. Энэхүү тохиролцоо нь мөн Афганистаны өөр дөрвөн нисэх буудалд хамаарна.


Өнгөрөгч наймдугаар сарын 26-нд гарсан террорист халдлага болон олон хоногийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас Кабулын нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас, терминалууд маш их эвдэрчээ. Катар, Туркийн техникийн мэргэжилтнүүд нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн явуулахад наймдугаар сарын сүүлчээс хойш тусалж байгаа аж.  Афганистаны нийслэл хотын агаарын боомтоос тус улсын Мазари-Шариф, Кандагар болон Герат хот руу анхны нисэх онгоцууд есдүгээр сарын 4-нд хөөрчээ. АНУ-ын цэргүүд Афганистанаас гарснаас хойших анхны олон улсын нислэгийг есдүгээр сарын 9-нд Кабулаас Доха хот руу үйлдсэн байна. Есдүгээр сарын хоёрдугаар хагасаас Иран, Пакистан, Саудын Арабаас Кабул руу арилжааны захиалгат нислэг үйлдэж эхэлжээ.


Связанные новости