Энэтхэгийн Ерөнхий сайдын твиттер хаягийг хакерджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Хакерууд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн твиттер хуудас руу нэвтэрч, биткоины талаар хуурамч мэдээлэл нийтэлжээ.
Н.Модигийн @narendramodi хуудсанд хакерууд Энэтхэг улс биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болголоо гэсэн жиргээг байрлуулжээ. Мөн тус улс уг криптовалютыг худалдаж авсан бөгөөд иргэддээ тараах гэж байгаа тухай мэдэгдсэн байна.
Удалгүй Энэтхэгийн Ерөнхий сайдын албанаас түүний хаяг хэсэг хугацаанд халдлагад өртсөн талаар мэдээлж, энэ хугацаанд нийтлэгдсэн мэдэгдлийг үл тоомсорлохыг иргэддээ уриалжээ.
Ерөнхий сайд Н.Модигийн твиттер хаяг хоёр дахь удаагаа халдлагад өртөж байгаа нь энэ юм. Тэрбээр твиттер сүлжээнд дэлхийн аль ч улсын удирдагчид байхгүй олон буюу 70 сая гаруй дагагчтай.
Түүний хаяг өнгөрсөн онд хакеруудын халдлагад өртөж, “COVID-19” цар тахлын хуурамч тусламжийн санд хандив өгөхийг уриалсан жиргээ нийтлэгдэж байжээ.