Украин, Гүржийг НАТО-д элсүүлэхгүй байх ОХУ-ын шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украин, Гүрж улсуудыг Умард Атлантын эвсэлд элсүүлэхгүй байх ОХУ-ын шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.
"Украины талаарх НАТО-гийн байр суурь өөрчлөгдөхгүй бөгөөд өөрийн нөлөөллийн хүрээг бий болгож, бусад улс орныг хянах, юу хийж болох болохгүйг нь шийддэг тогтолцоог сэргээх гэсэн Оросын оролдлогыг бид зөвшөөрөх боломжгүй” гэж Столтенберг баасан гарагт Германы шинэ Канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Украин, Гүрж улсуудыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн "2008 оны Бухарестийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг албан ёсоор цуцлахыг" тус эвслээс шаардсан байна "Киев, Тбилисийг хүлээн авах нь "бусдын аюулгүй байдлын зардлаар аюулгүй байдлаа бэхжүүлэхгүй байх" гэсэн ЕАБХАБ-ын орнуудын удирдагч нарын амлалттай зөрчилдөж байгаа тул ийм алхам нь "Европын аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол"- д нийцэхгүй" гэж тус яам мэдэгджээ.
Оросын эрх баригчид мөн "Европ дахь хурцадмал байдлыг намжаах талаар НАТО-д өмнө нь санал"-д хариу өгөхийг уриалжээ. Тодруулбал, “ОХУ-НАТО-г зааглах шугамаас хоёр талын тохиролцсон зайд цэргийн сургуулийн талбайг татан буулгах", "ОХУ-АНУ, ОХУ-НАТО-гийн шугамаар Батлан хамгаалах яам хоорондын байнгын яриа хэлэлцээг сэргээхийг санал болгосон байна.