Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /CBC/. Канадын эрх баригчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх онд болох өвлийн Олимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэснээ өчигдөр мэдэгджээ.
“Өнөөдөр бид энэ өвөл Бээжин хотноо болох Олимп, Паралимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байх шийдвэр гаргасныг зарлаж байна” гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. Түүний хэлснээр, Канадын баг тамирчид Олимпын наадамд оролцох юм байна.
Канадын эрх баригчид "Хятадын Засгийн газар хүний эрхийг зөрчсөөр байгаад ихээхэн санаа зовж байгаа" тул холбоотнуудтайгаа олон сарын турш зөвлөлдсөний эцэст дээрх шийдвэрийг гаргасан хэмээн Ж.Трюдо онцлон тэмдэглэжээ.
Барууны хэд хэдэн улс Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх шийдвэр гаргасан нь Хятад улсын хувьд “гэнэтийн зүйл байх ёсгүй” гэж Ж.Трюдо нэмж хэлжээ. "Олон жилийн турш бид БНХАУ-д хүний эрх зөрчигдөж байгаад гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлсээр ирсэн" гэж улс төрч хэлсэн байна.
Өмнө нь АНУ, Австрали, Их Британи БНХАУ-д хүний эрх зөрчигдөж буйг эсэргүүцэж, Бээжингийн Олимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.