Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /RIA Novosti/. Францад Зул сарын баярын үеэр халдлага үйлдэх гэж байсан хоёр эрэгтэйг баривчилсан тухай “BFMTV” суваг мөрдөн шалгах ажлын явцын мэдээлэлтэй ойр эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хөл хөдөлгөөн ихтэй газруудад хүмүүсийг хутгаар хөнөөхөөр төлөвлөж байсан байна.
23 настай уг хоёр залууг 11 дүгээр сарын 29-нд Иль-де-Франс мужид баривчилжээ. Францын терроризмтой тэмцэх прокурорын газрын урьдчилсан мөрдөн байцаалтын хүрээнд 12 дугаар сарын 3-нд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байна.
Баривчлагдсан хүмүүсийг худалдааны төвүүд, их дээд сургуулиуд, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж сэжиглэж байгаа юм. Тэдний нэг нь халдлага үйлдэх гэж байснаа хүлээжээ.
Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд уг этгээдүүдийн гэрээс террорист “Лалын улс” бүлэглэлийг сурталчилсан жихадист ном зохиол, бичвэрүүд бүхий диск, флашууд илрүүлсэн байна.