Зэвсгийн томоохон компаниудын худалдаа өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-06 11:45:51

СТОКХОЛМ. /TASS/. Дэлхийн хамгийн том 100 компанийн зэвсгийн худалдаа, цэргийн үйлчилгээ 2020 онд өмнөх оныхоос 1.3 хувиар өсөж, 531 тэрбум ам.доллар болжээ. Энэ талаар дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.


SIPRI -ийн шинжээчид тайландаа Хятадын компаниудын мэдээллийг анх оруулж эхэлсэн 2015 оныхтой харьцуулахад 2020 онд дэлхийн хамгийн том 100 компанийн худалдаа 17 хувиар өссөн байна. Өнгөрсөн жил зургаа дахь жилдээ дараалан дэлхийн зэвсгийн худалдаа тогтвортой өсжээ.


SIPRI -ийн зэвсэг ба цэргийн зардлын хөтөлбөрийн судлаач Александра Маркштайнерийн хэлснээр, цэрэг-аж үйлдвэрийн аваргууд Засгийн газруудынхаа цэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээгээр сайтар хамгаалагдаж байсан байна. "Дэлхийн олон оронд цэргийн зардал нэмэгдсэн бөгөөд түүгээр барахгүй зарим засгийн газар “COVID-19”-ийн улмаас үүссэн хямралын нөлөөллийг бууруулахын тулд цэргийн салбарт гаргах зардлыг хурдасгасан" гэж тэрбээр хэлэв.


Түүний хэлснээр, тахлын үр дагавраас өөрсдийгөө хамгаалж чадаагүй компаниуд ч байгаа аж. Тухайлбал, Францын “Thales” компани өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы улмаас нийлүүлэлт нь тасалдахад хүрч, экспортоо 5.8 хувиар бууруулжээ. Өөр хэд хэдэн компанийн нийлүүлэлт мөн тасалдсан байна.


АНУ, Хятадын компаниуд тэргүүлж байна

Зэвсгийн гол экспортлогч улсаар АНУ тодорчээ. Америкийн зэвсгийн компаниудын худалдаа 2020 онд 285 тэрбум ам.доллар болсон нь 2019 оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 2018 оноос хойш жагсаалтын эхний тавд зөвхөн Америкийн компаниуд бичигдэж байна.


АНУ-д зарим компанудыг нэгтгэх, худалдан авах хандлага ажиглагдаж байгааг тайланг гаргагчид тэмдэглэжээ. Энэ нь захиалгын багцыг өргөжүүлэх, цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлөөх тэмцэлд давуу тал олох зорилготой аж.   


Александра Маркштайнерийн хэлснээр, энэ чиг хандлага нь ялангуяа сансрын салбарт илүү их ажиглагдаж байна.


Зэвсгийн худалдааны хэмжээгээр АНУ-ын дараа БНХАУ-ын зэвсэг үйлдвэрлэгчид оржээ. 2020 онд Хятадын компаниудын худалдаа өмнөх оныхоос 1.5 хувиар өсөж, 66.8 тэрбум ам.доллар болсон байна.


“Сүүлийн жилүүдэд Хятадын цэрэг-аж үйлдвэрийн компаниуд үндэсний цэргийн шинэчлэлийн хөтөлбөрөөс ашиг хүртэж, цэрэг-иргэний нэгдэлд анхаарал хандуулж чадаж байна. Тэд дэлхийн хамгийн дэвшилтэт цэргийн техник үйлдвэрлэгчдийн нэг болсон" гэж SIPRI-ийн ахлах судлаач Нан Чан бичжээ.


Европын үйлдвэрлэгчдийн тухайд

Европын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын тухайд зэвсгийн хамгийн том 100 компанийн жагсаалтад нийтдээ 26 компани багтсан бөгөөд зэвсгийн нийт худалдааны 21 хувийг эзэлж, хэмжээ нь 109 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүний 37.5 тэрбум доллар нь Их Британийн долоон компанид ногдож байгаа нь өмнөх оныхоос 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.


Эхний 10-т багтсан Европын цорын ганц зэвсэг үйлдвэрлэгч болох “BAE Systems” компанийн худалдаа 6.6 хувиар өсөж, 24 тэрбум ам.долларт хүрсэн байна.


"Харин дэлхийн хамгийн том 100 компанийн жагсаалтад багтсан Францын зургаан компанийн цэргийн нийт худалдаа 7.7 хувиар буурсан. Энэ нь “Dassault Aviation” компанийн “Rafale” байлдааны онгоцны нийлүүлэлт өмнөх жилээс огцом буурсантай холбоотой. Гэсэн хэдий ч удирдлага, навигацийн системийн худалдаа нь нэмэгдсэнтэй холбоотойгоор “Safran” компанийн худалдаа өссөн" гэж SIPRI-ийн зэвсэг, цэргийн зардлын хөтөлбөрийн захирал Люси Беро-Судро хэлэв.


Жагсаалтад багтсан Германы компаниудын худалдаа 2020 онд өмнөх оныхоос 1.3 хувиар өсөж, 8.9 тэрбум ам.доллар болсон бөгөөд зэвсгийн нийт худалдааны 1.7 хувийг эзэлсэн байна. Тус улсын зэвсгийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Rheinmetall” компанийн худалдаа 5.2 хувиар өссөн бол хөлөг онгоц үйлдвэрлэгч “ThyssenKrupp” компанийнх эсрэгээрээ 3.7 хувиар буурчээ.


ОХУ-ын компаниудын худалдааны хэмжээ буурчээ

Шилдэг 100-д ​​багтсан Оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн худалдаа гурав дахь жилдээ буурсан байна. 2020 онд 6.5 хувиар буурч, 26.4 тэрбум ам.доллар болсон бол 2019 онд 28.2 тэрбум ам.доллар байжээ. Өнгөрсөн онд Оросын есөн компани нийт худалдааны таван хувийг эзэлсэн байна. 2017 онд худалдааны хэмжээ нь хамгийн их буюу 31.5 тэрбум ам.долларт хүрч байсан бөгөөд үүний дараа тогтмол буурчээ. Энэ нь нэг талаар 2011-2020 оны төрийн зэвсэглэлийн хөтөлбөр дууссантай холбоотой бөгөөд ингэснээр цэргийн салбарын санхүүжилт бодит утгаараа буурсан, нөгөө талаас “COVID-19” цар тахлын улмаас нийлүүлэлт саатсантай холбоотой байна.


АНУ, Хятад, Орос болон Европын орнуудынхаас бусад компаниуд 2020 онд нийт 43.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь 2019 оныхоос 3.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд зэвсгийн нийт худалдааны 8.1 хувийг эзэлж байна.


Жагсаалтад багтсан Израилын гурван компанийн худалдаа 10.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 100 компанийн нийт худалдааны 2 хувьтай тэнцэж байна. Японы таван зэвсэг нийлүүлэгчийн худалдаа 2020 онд 9.9 тэрбум ам.доллар болж, нийт худалдааны 1.9 хувьтай тэнцжээ.


2020 онд Өмнөд Солонгосын дөрвөн компани хамгийн том 100 компанид багтжээ. Тэдгээрийн нийт худалдаа 6.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 4.6 хувиар өссөн байна.


Энэ жагсаалтад багтсан Энэтхэгийн гурван компани худалдаагаа 1.7 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020 онд Энэтхэгийн засгийн газар дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт өөрсдийгөө хангах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор зарим төрлийн цэргийн техник хэрэгслийн импортыг үе шаттайгаар хориглож байгаагаа зарлажээ.


Связанные новости