БНХАУ Литва улстай тогтоосон дипломат харилцааны түвшинг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-22 15:50:06

БЭЭЖИН. /Global Times/. Нийслэл Вильнюс хотдоо Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсэнтэй холбогдуулан БНХАУ Латвитай тогтоосон дипломат харилцааны түвшинг бууруулжээ.  


“Хятад улс Тайванийн төлөөлөгчийн газрыг Вильнюст нээснийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хоёр орны дипломат харилцааг хэргийг түр хамаарагчийн түвшинд буулгахаар шийдсэн" гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгдсэн байна.


Литва улсын эрх баригчид энэхүү үйлдлээрээ дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд тусгагдсан улс төрийн амлалтаа зөрчсөн гэж Бээжин мэдэгджээ. Тодруулбал, Хятадын эрх баригчид Литвийн талын үйлдлийг улс орны бүрэх эрхт байдлыг алдагдуулж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон гэж үзжээ.


Хятадын ГХЯ мөн үүрэг амлалтаа зөрчихгүй байхыг Литва улсын эрх баригчдад нэг бус удаа уриалж байснаа дурдсан байна. Гэсэн хэдий ч Вильнюс Бээжингийн байр сууринд анхаарал хандуулахгүй, нийтлэг ашиг сонирхлыг харгалзахгүй байгаа нь "олон улсын муу жишиг"-ийг бий болгож байна гэж мэдэгдэлд дурдсан байна.


“Алдаагаа нэн даруй засахыг бид Литва улсад уриалж байна. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний шийдэмгий, няцашгүй хүсэл зориг, асар их чадварыг дутуу үнэлж болохгүй" гэж Хятадын ГХЯ мэдэгджээ.


Литва улсын нийслэл хотод Тайванийн төлөөлөгчийн газрыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нээсэн байна.


Связанные новости