Олон улсын асуудлаар Хятад-АНУ хэрхэн хамтран ажиллавал зохилтой талаар Ши Жиньпиний хэлсэн үгс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-19 10:31:51

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ долоо хоногийн мягмар гарагт цахим уулзалт хийсэн билээ. 


Тэд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар нухацтай хэлэлцэж, санаа бодлоо солилцсон юм.


Олон улсын асуудлаар хоёр тал хэрхэн хамтран ажиллавал зохилтой талаар гурван цаг гаруй үргэлжилсэн цахим уулзалтын үеэр Ши Жиньпиний хэлсэн үгсээс онцлох эшлэлүүдийг хүргэе.


  • Хоёр тал тус тусын хөгжлийг урагшлуулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 тахал зэрэг дэлхийн дахины өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд нь харилцаагаа тогтвортой байлгах хэрэгтэй.
  • Хятад-АНУ харилцаагаа сэргээсэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд олон улсын харилцаанд болсон хамгийн чухал үйл явдал бөгөөд харилцаагаа сэргээн хөгжүүлсэн нь хоёр талд төдийгүй дэлхий нийтэд ашиг тусаа өгсөөр байна. БНХАУ болон АНУ  харилцаа, хамтын ажиллагаагаа зөв жолоодох нь ирэх 50 жилийн хугацаанд олон улсын харилцааны салбарт гарах хамгийн чухал үйл явдал байх болно.
  • БНХАУ болон АНУ нь их гүрнүүдийн үүрэх ёстой үүрэг хариуцлагыг үүрч, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хятад-АНУ-ын хамтын ажиллагаа нь бүх асуудлыг шийдэж чадахгүй боловч Хятад-АНУ-ын хамтын ажиллагаагүйгээр тийм ч олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрүүд бүгд АНУ-д нээлттэй бөгөөд АНУ ч дэлхийн хэмжээний санал санаачилгуудыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.
  • БНХАУ болон АНУ нь дэлхий дахинд илүү хүрч үйлчилж, тэдэнд тустай бараа үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Дэлхий тийм ч тайван биш байна. Дэлхийн энх тайвныг хамгаалах, дэлхийн хөгжлийг ахиулах, олон улсын хэмжээнд шударга ёс ба эрх тэгш байдлыг хангахын тулд БНХАУ болон АНУ нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй.
  • Үзэл суртлын шугам татах эсвэл дэлхий дахиныг фракц, өрсөлдөгч бүлгүүд болгон хуваах нь дэлхийг зөвхөн зовлонд л унагаах болно. Хүйтэн дайны гашуун сургамж өнөө хэр нь тодхон санагдаж байна. АНУ-ын тал "шинэ хүйтэн дайн"-ыг өдөөхгүй гэсэн үгээ бодит үйлдлээрээ нотлон харуулж чадна гэдэгт бид найдаж байна.
  • Ардчилал нь дэлхийн улс орнуудад нэг төрлийн загвар, тохиргоотой байх албагүй. Тухайн улс орон ардчилсан уу, үгүй ​​юу гэдгийг ард түмэн нь л шийдэх ёстой. Ардчиллын өөр өөр хэлбэрийг үгүйсгэх нь өөрөө ардчилалд нийцэхгүй.
  • БНХАУ болон АНУ нь олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журам болон НҮБ-ын дүрэм, зарчмуудад суурилсан олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээ бүхий олон улсын тогтолцоог хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Хятад-АНУ-гүй олон талт хамтын ажиллагаа гэдэг бүрэн бус зүйл гэсэн үг.
  • Эрчим хүчний аюулгүй байдлын тухайд Хятад болон АНУ нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, байгалийн хий болон шинэ эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй, тогтвортой байлгахын төлөө хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад уриалах хэрэгтэй.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бүх улс орон нийтлэг боловч эдийн засгийн чадамжаас хамааран харилцан адилгүй үүрэг хариуцлага үүрэх зарчмыг баримталж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ард иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэрийг хамгаалахын төлөө ажиллах хэрэгтэй. Дэлхий дахин нэг нэгэн рүүгээ чичлэх бус эв санаагаараа  нэгдмэл байж, хамтран ажиллах нь зүйтэй. Ярьж хэлэлцэх нь чухал ч түүнийгээ үйлдлээрээ нотлон харуулах нь илүү чухал. Хөгжингүй орнууд түүхэн хариуцлага, хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, бодлогын залгамж чанараа тууштай хадгалах хэрэгтэй.
  • Нийгмийн эрүүл мэндийн асуудлын тухайд БНХАУ болон АНУ нь дэлхий нийтийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамтын ажиллагааны механизмыг бий болгож, энэ чиглэлээр олон улсын солилцоо, хамтын ажиллагааг цаашид ахиулах хэрэгтэй.
Связанные новости