ЕХ Беларусьт шинээр хориг арга хэмжээ авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар Брюссель уулзах үеэрээ сүүлийн долоо хоногуудад үргэлжилж буй дүрвэгсдийн хямралтай холбогдуулан Беларусь улсад шинээр хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
ЕХ-ны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн мэдэгдсэнээр, Беларусь авах тав дахь удаагийн хориг арга хэмжээ нь компаниуд, хувь хүмүүсийн аль алинд нь нөлөөлнө, хоригийн талаарх эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд тохиролцоно.
Түүнчлэн Ирландын Гадаад хэргийн сайд Саймон Ковенигийн тодруулснаар, ЕХ Беларусийн төрийн өмчит “Белавиа” компанитай байгуулсан онгоцны түрээсийн гэрээгээ цуцална. "Эсвэл тэд эдгээр онгоцыг буцааж өгөх ёстой, эсвэл миний ойлгож байгаагаар тэд шүүхэд хандах болно" гэж “Ройтерс” агентлаг түүний хэлснийг эш татсан байна. “Белавиа” компанийн мэдэлд байгаа 30 онгоцноос 17 нь Ирландын компаниудтай түрээсийн гэрээний дагуу ашиглагдаж байна гэж Ковени нэмж хэлжээ.
ЕХ-ноос гадна, АНУ-ын эрх баригчид дүрвэгсдийн хямралыг "хүнлэг бусаар өөгшүүлж" байгаатай холбогдуулан Беларусьт шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс сэтгүүлчдэд хэлэхдээ, "ийм арга хэмжээ нь ардчилал, хүний эрх, олон улсын хэм хэмжээнд тасралтгүй халдаж байгаагийнх нь төлөө Лукашенкогийн дэглэмд цаашид хариуцлага тооцоход тусална" гэжээ. Гэхдээ тэрбээр чухам ямар хориг арга хэмжээ авах талаар тодорхой дурдаагүй байна.
Меркель Лукашенкотой утсаар ярьжээ
Үүний зэрэгцээ, Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель дүрвэгсдийн хямралыг хэлэлцэхээр Александр Лукашенкотой даваа гаргийн орой утсаар ярьжээ. Энэ нь 2020 онд болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Барууны орнуудын удирдагчдын нэг Лукашенкотой ярилцсан анхны тохиолдол юм. Барууны орнууд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Меркель, Лукашенко нар "Беларусь болон ЕХ-ны хилийн бүс дэх хүнд нөхцөл байдлын талаар, ялангуяа тэнд байгаа дүрвэгсэд болон цагаачдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг ярилцсан" гэж Германы удирдагчийн хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Беларусь-Польшийн хилийн "Кужница" шалган нэвтрүүлэх боомтод хэдэн зуун дүрвэгч цуглараад байгаа юм.
Харин Беларусийн төрийн мэдлийн Белта агентлагийн мэдээлж буйгаар, Меркель, Лукашенко нар 50 орчим минут ярилцаж, "юуны өмнө Беларусь-Польш, Беларусь-Литва, Беларусь-Латвийн хил дээрх дүрвэгсдийн байдлын талаар" хэлэлцсэн байна. “Хилийн бүс дэх нөхцөл байдал хурцдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх арга зам, хэтийн төлөвийг дэлгэрэнгүй ярилцсан” гэж тус агентлаг Лукашенкогийн хэвлэлийн албаны мэдээллээс эш татан дамжуулжээ.