АНУ, БНХАУ-ын цахим дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-14 13:25:07

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, хоёр орны удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.  АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайсын мэдээлснээр,  Э.Блинкен, Ван И нар 11 дүгээр сарын 12-нд утсаар ярьсан байна.   


Энэхүү уулзалт нь ашиг сонирхол нь давхцаж буй салбаруудад хамтран ажиллах замаар АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнийг хэрхэн хариуцлагатай зохицуулах талаар ярилцах боломжийг хоёр улсын удирдагчдад олгоно гэж Э.Блинкен утсаар ярих үеэрээ онцлон тэмдэглэжээ.

 

Тэрбээр мөн "БНХАУ Тайваньд цэрэг, дипломат болон эдийн засгийн дарамт шахалт үзүүлсээр байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна". Түүнчлэн "Тайванийн хоолойн хоёр эрэгт энх тайван, тогтвортой байдлыг АНУ эртнээс чухалчилж ирсэн гэдгийг" онцолжээ. Америкийн дипломат албаны тэргүүн үүсээд буй нөхцөл байдлыг “Тайванийн ард түмний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхолд нийцүүлэн” "тайван замаар шийдвэрлэх үүднээс ажил хэрэгч яриа хэлэлцээ" өрнүүлэхийг Бээжинд уриалжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн “дэлхийн эрчим хүчний хангамж, үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд аюул учруулахгүй байх арга хэмжээ авах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна”.


Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэхдээ, Тайванийн хоолойн энх тайван байдлыг Вашингтон чин сэтгэлээсээ дэмжиж байгаа бол арлын салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжихээ зогсоож, Хятад-Америкийн гурван мэдэгдэлд заасан заалтуудыг, мөн “нэг Хятад” зарчмыг даган мөрдөж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчинд худал дохио өгөхөө зогсоох ёстой гэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 11 дүгээр сарын 15-нд дүрс бичлэгээр холбогдож уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки баасан гарагт мэдээлсэн юм. Энэ мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яам нотолсон бөгөөд хэлэлцээ Бээжингийн цагаар 11 дүгээр сарын 16-ны өглөө болно гэж мэдээлсэн байна.

Связанные новости