Беларусьт хийсэн сургуулилалтын үеэр Оросын хоёр цэрэг амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-13 12:31:50

МОСКВА. /gazeta/. Баасан гарагт Оросын десантын цэргүүд Беларусийн Зэвсэгт хүчинтэй хамтран Польшийн хилийн ойролцоо сургуулилалт хийжээ. Энэ үеэр Оросын десантын хоёр цэрэг шүхрээр буух үедээ амиа алдсан байна.


ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргүүд амиа алдсан болохыг нотлоод амиа алдсан шалтгааныг сургуулилалт хийж байсан газар хүчтэй салхи дэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Хүчтэй салхины улмаас “цэргүүдийн шүхэр нийлж” улмаар газардахын өмнө хумигдаж, нөөц шүхрээ задалж амжилгүй унаж бэртсэн байна. Цэргүүдийг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас баржээ.


Байлдааны түшиц газрын эзлэн авах, тогтоон барих, мөн “дайснуудын” тагнуулуудыг эрэн хайх, устгах тактик боловсруулах сургуулилалтыг Беларусийн Гродно хотын ойролцоох цэргийн хээрийн сургуулийн “Гожский” талбайд хийсэн байна. Сургуулилалтад 250 орчим цэрэг оролцсон гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдээлжээ. Десантын цэргүүдийг буулгах ажиллагаанд Оросын Агаар-Сансрын хүчний Ил-76 онгоц оролцсон байна.


“Гожский” талбай нь сүүлийн хэдэн өдөр ноцтой нөхцөл байдал үүсээд буй Беларусь-Польшийн хилийн "Кузница" шалган нэвтрүүлэх боомтоос 50 км-ийн зайд байрладаг аж. Хоёр улсын хил дээр 1 000 гаруй цагаач иргэн гацаад байгаа бөгөөд тэднээс гадна дахин 3000-4000 цагаач Беларусиар дамжин Польшийн хилийн ойролцоо ирсэн гэж Польшийн Засгийн газар даваа гарагт мэдээлсэн билээ. Ойрхи Дорнод болон Азийн орнуудаас ирсэн хууль бус цагаачдыг Польшийн Засгийн газар  хил нэвтрүүлэхээс татгалзаад байгаа юм. 



Связанные новости