ЕП-ын төлөөлөгчид Тайваньд айлчилж буйтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /iz/. Европын парламентын /ЕП/ төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Европын Холбоонд /ЕХ/ эрс эсэргүүцлээ илэрхийлжээ.
Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдсэн байна.
ЕП-ын төлөөлөгчид 11 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны айлчлал хийхээр анх удаа Тайваньд хүрэлцэн очсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЕП-ын долоон депутат багтсан гэж Литвийн Ерөнхий сайд асан, ЕП-ын гишүүн Андрюс Кубилюс фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. “Politico” сонинд мэдээлснээр, айлчлалын зорилго нь Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Тайваньд дэмжлэг үзүүлэх явдал юм. Гурван өдрийн айлчлалын үеэр улстөрчид хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй Тайванийн туршлага, Тайванийн ардчилал, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролд хөндлөнгөөс оролцох оролдлого, мөн цахим дархлаагаа бэхжүүлэх талаар гаргаж буй хүчин чармайлтынх нь талаар хэлэлцэх юм.
"Бид энэхүү айлчлалтай холбогдуулан эрс дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, энэ талаар ЕХ-нд нухацтай танилцуулсан" гэж Вэнбинь өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тайванийн асуудлаар хэлэлцэн тохиролцсоноо дагаж мөрдөх нь “Хятад-Европын харилцааны улс төрийн үндэс суурь юм” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, ЕХ Тайваньтай аливаа албан ёсны харилцаа тогтоохоо зогсоох ёстой бөгөөд эс бөгөөс Бээжин "Нэг Хятад" зарчмыг хүндэтгэхгүй байна гэж үзнэ.