Кишида Фүмио Японы Гадаад хэргийн сайдын үүргийг биечлэн гүйцэтгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /RT/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Гадаад хэргийн шинэ сайдыг томилох хүртэл энэ албан тушаалыг биечлэн гүйцэтгэхээр болжээ.
“Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүнийг батлах хүртэл би Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлжээ. Кишида мөн Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өнөөдөр авч, гадаад бодлогын байгууллагын тэргүүний суудлаа орхино гэдгийг нэмж мэдээлсэн байна.
Өмнө нь Мотэги шинэ албан тушаал хаших болсон талаараа тайлбар хийхдээ, түүний залгамжлагч урьд нь танилцуулсан үндсэн чиглэлийн дагуу Япон, Оросын хооронд хэлэлцээ хийх үйл явцыг урагшлуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Японд 10 дугаар сарын 31-нд парламентын доод танхимын сонгууль болж, ЛАН 465 суудлаас 261-ийг нь авч, үнэмлэхүй олонх болсон билээ.