Төвбанк бодлогын хүүг хэвээр хадгална
МОНГОЛЫН МЭДЭЭМонголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1.6 хувь, суурь инфляци 2.9 хувь болж, сүүлийн 12 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа юм. Оны эхний хагасын инфляцийн гүйцэтгэл Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байв. Богино хугацаанд эдийн засгийн идэвхжлээс шалтгаалсан эрэлтийн гаралтай инфляцийн дарамт төдийлөн нэмэгдэхгүй бөгөөд оны эцэст инфляцийн зорилтыг хангахаар байна хэмээн Мөнгөний бодлогын зөвлөлөөс үзжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: “Макро эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа ч засаглалын орчны тогтвортой байдал нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрсдэл буурна. Энэ оны сүүлийн хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь дотоод эрэлтийг дэмжиж эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны түвшинд байх төсөөлөлтэй байна. Бодлогын энэ шийдвэр нь мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх, бодит секторын идэвхжилийг дэмжих боломжийг хадгална. Гадаад цэвэр активыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах нь хувийн хэвшил агших, ажилгүйдэл одоогийн 11.6 хувиас илүү хурдацтай өсөх, санхүүгийн эх үүсвэр хомсдох эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно” хэмээн тодотгов.
Б.Заяа