Ван И БНХАУ-тай холбоотой “алдаатай” бодлогоо өөрчлөхийг АНУ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
Энтони Блинкентэй Италийн нийслэл Ром хотноо болсон “Хорийн бүлэг”-ийн
удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.
Энэ үеэр Ван И БНХАУ-тай холбоотой “алдаатай” бодлогоо өөрчлөхийг
Вашингтоны засаг захиргаанд уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ, “Хоёр талын
харилцаа сүүлийн жилүүдэд Вашингтоны бодлогуудын улмаас бүхэлдээ муудсан.
АНУ-ын Конгресс одоогоор Хятадын эсрэг агуулгатай 300 гаруй хуулийн төслийг
танилцуулаад байна” хэмээгээд, Хятадад шахалт үзүүлэх гэсэн Вашингтоны бодлогын
эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Э.Блинкен үүний хариуд, АНУ “Нэг Хятад” бодлогыг үргэлжлүүлэн хүндэтгэнэ
гэдгийг онцлоод, хоёр тал харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан харилцаагаа хөгжүүлэх
хэрэгтэй хэмээн хэлэв. Мөн АНУ БНХАУ-тай харилцаа холбоогоо хэвээр хадгалж, зөрчил,
хямралаас зайлсхийхийг эрмэлзэж байгааг цохон тэмдэглэжээ.