Ойрхи Дорнод дахь дипломат хямрал улам даамжирч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД. /BBC/. Ливан болон Персийн булангийн орнуудын хооронд үүссэн дипломат хямрал улам гүнзгийрч байна. Бүс нутгийн хэд хэдэн улс Ливаны Элчин сайд нарыг нутаг буцаасан бол бүс нутагтаа нөлөө бүхий Саудын Араб тус улсаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглов.
Кувейт улс бямба гарагт Бейрутаас Элчин сайдаа эргүүлэн татаж, Ливаны Кувейт дэх Элчин сайдад тус улсыг орхин гарахад 48 цагийн хугацаа өгсөн байна. Өмнө нь Саудын Араб, Бахрейн улсууд ийм шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Дипломат хямрал нь суннит урсгалыг баримтлагч Саудын Араб болон Ирантай нягт холбоотой, Ливаны жинхэнэ захирагч нь гэж хэлэгддэг хэт давруу үзэлт шиит шашинтнуудын “Хезболла” бүлэглэлийн хоорондох ээлжит сөргөлдөөн юм.
Чухам юу болов?
Персийн булангийн гурван улс Ливаны Элчин сайдыг нутаг буцаах болсны шалтгаан нь тус улсын Мэдээллийн сайд Георг Кордахигийн хийсэн мэдэгдэл болжээ. Тэрбээр Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвслийн Йеменд явуулж буй ажиллагааг шүүмжилсэн байна.
Ливаны сайд “Al-Jazeera” телевизэд ярилцлага өгөхдөө, эвслийн явуулж буй ажиллагаа нь үндсэндээ гадны түрэмгийлэл бөгөөд хусит босогчид өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгджээ. Кордахи мөн эвслийн хүчнийхэн энгийн оршин суугчдын гэр орон, тосгон, оршуулга, хуримын ёслолыг бөмбөгдөж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр долоон жил үргэлжилж буй Йемений дайныг ямар ч утгагүй учиргүй гэж тодорхойлоод энэ мөргөлдөөнийг зогсоох цаг нь болсон гэж мэдэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт АНЭУ болон Саудын Арабын эрх баригчид Ливаны Элчин сайд нарыг дуудаж, “Хезболла” бүлэглэлтэй ойр байдаг гэж үздэг, Бейрут, Техран хоёрыг ойртуулахыг дэмжигч Кордахигийн мэдэгдлийн талаар тайлбар өгөхийг шаарджээ.
Георг Кордахи
Харин Ливаны эрх баригчид сайдынх нь мэдэгдэл тус улсын албан ёсны байр суурийг тусгаагүй бөгөөд Кордахитай хийсэн ярилцлагыг наймдугаар сард буюу түүнийг сайдаар томилогдохоос өмнө бичсэн болохыг мэдэгдсэн байна. Кордахигийн бичлэг 10 дугаар сарын 25-ны даваа гарагт цацагджээ.
Энэхүү дуулиан шуугиантай холбоотойгоор албан тушаалаасаа огцрох талаар бодож үзэхийг Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Георг Кордахигаас хүссэн байна.
“Хезболла” бүлэглэлийн улмаас шахалт үзүүлж байна
Улс орнуудын Ливанд дургүйцсэн байдал нь Йемен дэх эвслийн "түрэмгий үйлдэл"-ийн тухай сайдын мэдэгдэлээс бус, хэт давруу үзэлт шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөний нөлөө Ливанд улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид тэмдэглэж байна. Персийн булангийн орнууд тэр дундаа Эр-Рияд “Хезболла”-гийн нөлөөтэй тэмцэх арга хэмжээ авахуулахын тулд Ливанаас Элчин сайд нараа эргүүлэн татах замаар Бейрутад шахалт үзүүлэхийг оролдож байна гэж шинжээчид үзэж байна.
Одоогийн байдлаар тус улсын зарим бүс нутгийг Иранаас дэмжлэг үзүүлдэг “Хезболла” бүлэглэлийнхэн хянаж байгаа юм.
Баасан гарагт Саудын Араб Ливанаас Элчин сайдаа эргүүлэн татаж, Ливаны Элчин сайдыг хоёр хоногийн дотор тус улсыг орхин явах ёстой гэж мэдэгдсэн байна. Бейруттэй харилцаа муудсантай холбоотойгоор Эр-Рияд харамсаж буйгаа мэдэгдсэн боловч Саудын Араб “цаашдын алхмуудыг хийнэ” гэж цохон тэмдэглэжээ. Гэхдээ чухам ямар арга хэмжээ авахыг дурдаагүй байна.
Ливаны Элчин сайдыг нутаг буцаах тухай мэдэгдсэнийхээ дараахан Саудын Араб тус улсаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглож байгаагаа зарлажээ. Энэ шийдвэр нь Ливаны эдийн засагт томоохон цохилт болох юм. Тус улсаас Саудын Араб руу хийсэн экспортын хэмжээ 2019 онд 282 сая ам.доллар, 2020 онд 200 сая ам.доллар байсан байна.
Хурц хямрал
Ливаны эдийн засгийн хямрал хоёр жил үргэлжилж байгаа бөгөөд хүн амынх нь дөрөвний гурав нь нэн ядуу, үндэсний мөнгөн тэмдэгт нь үндсэндээ үнэгүйдэж, айл өрхүүд ердөө хэдхэн цаг цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа юм. Тус улс мөн хоол хүнс, эм тариа, шатахуун, ундны усны хомсдолд оржээ. Энэ оны дөрөвдүгээр сард Эр-Рияд Ливанаас Саудын Араб руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй хамт мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэж байна гэх шалтгаанаар. Ливанаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний оруулахыг түр зогсоожээ.
Ливан болон Персийн булангийн орнуудын харилцаа муудаж байгаад Арабын улсуудын холбоо түгшиж байгаагаа мэдэгджээ. Ливаны эрх баригчид нөхцөл байдлыг сайжруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авна гэж найдаж байгаагаа тус байгууллага мэдэгдсэн байна.
Тус байгууллага мөн Персийн булангийн орнуудад хандан Ливаны эдийн засагт цохилт өгөх шийдвэр гаргалгүй, эдийн засаг нь нэгэнт хүнд байгаа нөхцөл байдлыг улам дордуулахгүй байхыг уриалжээ.