Европын аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-30 11:46:23

РОМ. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар Европын аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байгаагаа Ром хотноо хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ. 


Энэ тухай уулзалтын дараа Цагаан ордноос нийтэлсэн хоёр удирдагчийн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


“Европын аюулгүй байдлын байдал дордож байгааг харгалзан найдвартай, нэгдмэл цөмийн эвсэл зайлшгүй чухал гэдгийг бид нотолж байна. Аюулгүй байдлын энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор холбоотнууд цөмийн зэвсэг, зэвсгийн хяналтын талаар нягт зөвлөлдөх уулзалтыг ялангуяа НАТО-гийн хүрээнд үргэлжлүүлэх ёстой" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн талууд “НАТО, ЕХ-ны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг" дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Европ-Атлантын бүс нутаг болон хоёр орны аюулгүй байдалд "онцгой бөгөөд зайлшгүй шаардлагатай" гэж тэд үзэж байна.


АНУ, Францын Ерөнхийлөгч нар мөн батлан хамгаалахын худалдааны салбарт АНУ, Францын хооронд стратегийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. 


Мэдэгдэлд дурдсанаар, Франц, АНУ-ын удирдагчид терроризмтой тэмцэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тэр дундаа "Лалын улс" террорист байгууллагатай тэмцэхэд олон улсын эвсэлтэй хамтран ажиллана.


Үүнээс гадна, хоёр улс "“COVID-19” цар тахлыг зогсоох зэрэг эрүүл мэндийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэх, ирээдүйд цар тахалд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх”, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийг сэргээхийг эрмэлзэж, сансрын судлалын салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэлд дурджээ.


Связанные новости