Энэтхэг хилийн асуудлаарх хэлэлцээг урагшлуулахад хүндрэл учруулж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Энэтхэгийн Зэвсэгт хүчний командлал "оновчгүй шаардлага" тавьж, хилийн асуудлаар БНХАУ-тай хийж буй хэлэлцээг урагшлуулахад хүндрэл учруулж байна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Баруун бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч Лун Шаохуа мэдэгджээ.
"Хэлэлцээний явцад Хятадын тал хилийн хурцадмал байдлыг намцаахад асар их хүчин чармайлт тавьж, хилийн асуудлыг үнэхээр шийдэхийг хүсэж байгаагаа харуулсан бол Энэтхэг улс оновчгүй, бодит бус шаардлага тавьсаар байгаа нь хэлэлцээг урагшлуулахад хүндрэл учруулж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Тэрбээр "үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах Хятад улсын шийдвэр гуйвшгүй гэдгийг цохон тэмдэглээд "Энэтхэгийн тал нөхцөл байдлыг буруу дүгнэхгүй байж, Хятад, Энэтхэгийн хилийн бүсийн одоогийн нөхцөл байдлыг үнэлж эрхэмлэнэ" найдаж байна гэж мэдэгджээ.
Үүний сацуу тэрбээр Энэтхэг улс хоёр улсын болон хоёр улсын армийн хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр, зөвшилцлийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ хандаж, хилийн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө Хятадтай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэтхэгийн телевизийн “NDTV” сувгаар ням гарагт мэдээлснээр, Хятадтай хилийн асуудлаар хийсэн 13 дахь удаагийн хэлэлцээний үеэр тус улс Ладакх мужид цэргүүдээ тусгаарлах ажлыг шуурхай дуусгахыг шаарджээ. Хэлэлцээ Хятадын талд Чушуль-Молдогийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүсэд болж, найман цаг хагас үргэлжилсэн байна. Энэтхэг, Хятадын Зэвсэгт хүчнүүдийн төлөөлөгчдийн хооронд явагдаж буй энэ хэлэлцээ нь Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх хурцадмал байдлыг намжаах зорилготой юм. Хилийн маргаантай тус бүсэд хоёр улсын армийн сөргөлдөөн 2020 оны хавар эхэлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын эхээр болон зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус бүс нутагт Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд дахин мөргөлдөөн болсны дараа хоёр улсын хилийн дагуух маргаантай бүсийн байдал хурцдаж эхэлжээ.