Нобелийн Энх тайвны шагналыг Орос, Филиппиний сэтгүүлчдэд олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-08 21:02:15

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Норвегийн Нобелийн хороо энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг “Новая Газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов, Филиппиний сэтгүүлч Мария Ресса нарт олголоо. Шагналтнуудыг баасан гарагт тус хорооны дарга Берит Рейсс-Андерсен зарласан байна.


Норвегийн Нобелийн хороо тэдний "ардчилал хийгээд бат бөх энх тайвны үндэс суурь болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг үнэлж" энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Ардчилал бол "дайн, мөргөлдөөний эсрэг барьж болох нийгмийн хамгийн сайн халхавч юм. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөгүйгээр ардчилал гэж байхгүй" гэж Берит Рейсс-Андерсен онцлон тэмдэглэсэн байна.


Дмитрий Муратов энэхүү шагналыг хүртсэн Оросын гурав дахь иргэн болжээ. Өмнө нь хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаров, ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев нар Нобелийн шагналыг хүртэж байв.  


Муратов 1961 онд Куйбышев (одоогийн Самара) хотод төржээ. 1983 онд Куйбышевын Улсын их сургуулийн филологийн факультетийг төгссөн байна. Тэрбээр сэтгүүлчийн гараагаа "Волжский комсомолец" сонинд эхлүүлжээ. Дараа нь "Комсомольская правда"-д ажилласан байна. 1993 онд Москва хотын Правды гудамжинд орших "Пресса" хэвлэлийн цогцолборын зургаадугаар давхарт Муратовын үүсгэн байгуулсан "6-р давхар" сэтгүүлчдийн нөхөрлөл "Өдөр тутмын шинэ сонин"-ыг байгуулжээ. Муратов уг сонины редакцийн зөвлөлд орж, ерөнхий редакторын орлогч болсон байна. Хожим нь уг хэвлэлийг "Новая Газета" гэж нэрлэжээ. 1995 онд уг сонины ерөнхий редактор болсон байна. 


Мария Ресса бол Филиппиний “Rappler” хэвлэлийг үүсгэн байгуулагч бөгөөд Америкийн “CNN” телевизийн Манила дахь товчооны даргаар ажиллаж байсан сэтгүүлч юм. Тэрбээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө нэг бус удаа халдлагад өртөж байжээ.


2019 онд Ресса Филиппиний бизнес эрхлэгч Вилфредо Кенгегийн тухай нийтлэл бичсэнийхээ дараа хүн гүтгэсэн хэргээр баривчлагдаж байв. Энэ хэргийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд үүсгэсэн бөгөөд уг хуулийг эрх баригчид улс төрийн өрсөлдөгчид, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэгчидтэй тэмцэхэд ашигладаг гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг байна. 2020 оны зургаадугаар сард Манилагийн шүүх сэтгүүлчийг буруутай гэж үзжээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүнд зургаан сараас зургаан жилийн хорих ял, их хэмжээний торгууль ногдуулж магадгүй байв. 2021 оны наймдугаар сард шүүх түүнд холбогдох хэргийг хаасан байна. 


Филиппин улсын хувьд тус улсын иргэн анх удаа Нобелийн шагнал хүртэж буй юм.


Связанные новости