Туркт авсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-08 11:56:05

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Сири дэх цэргийн ажиллагаатай холбогдуулан 2019 онд Дональд Трампын Анкарад авсан хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгахаар шийдвэрлэжээ.


"Сирийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, тэр дундаа Сирийн зүүн хойд хэсэгт Туркийн Засгийн газрын явуулж буй ажиллагаа нь “Лалын улс” террорист бүлэглэлтэй хийж буй кампанит ажлыг тасалдуулж, энгийн иргэдийг аюулд оруулахын зэрэгцээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал алдагдахад хүргэж болзошгүй байна. Түүнчлэн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод асар их аюул учруулсан хэвээр байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан би 13894 дүгээр тогтоолоор зарласан онц байдлыг нэг жилээр сунгаж байна” гэж Жо Байден мэдэгдсэн байна.


Дээр дурдсан тогтоолд Дональд Трамп 2019 оны 10 дугаар сарын 14-нд гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичгээр АНУ -ын Ерөнхийлөгч Төрийн Департаментын тэргүүн, Сангийн сайд нарт яг хэнд ямар хориг арга хэмжээ авахаа шийдэхийг үүрэг болгосон байна. Эдгээр нь "Хойд Сирид гал зогсооход саад учруулж буй", мөн тус улсад улс төрийн зохицуулалт хийхэд саад болж байгаа хүмүүс юм. Уг зарлигт үндэслэн Вашингтон Туркийн Үндэсний Батлан ​​хамгаалах яам, Эрчим хүч, байгалийн нөөцийн яам, эдгээр яамдын сайд нар, мөн тус улсын Дотоод хэргийн сайдад хориг арга хэмжээ авчээ.


10 дугаар сарын 17 -нд талууд Сирийн зүүн хойд хэсэгт гал зогсоохоор тохиролцсон бөгөөд үүний дараа Трамп 10 дугаар сарын 23 -ны өдөр хориг арга хэмжээг цуцалсан боловч хэрэв Анкара үүргээ биелүүлэхгүй бол зохих арга хэмжээг сэргээж, Туркийн барааны татварыг нэмэгдүүлэх заалтыг хэвээр үлдээсэн байна.


Анкара 2019 онд Сирийн Хасеке, Ракка мужуудад "Энх тайвны эх үүсвэр" нэртэй цэргийн ажиллагаа явуулж, Туркийн хилийн дагуу 30 км урт хамгаалалтын бүс байгуулжээ. Энэ бүсэд оршин суудаг курдууд тэндээс цэргээ татсан боловч Туркийн цэргүүд болон Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд рүү үе үе дайралт хийдэг байна. Сирийн эрх баригчид Туркийн энэхүү ажиллагааг түрэмгийлэл гэж мэдэгдэж, олон улсын хамтын нийгэмлэг Анкарагийн үйлдлийг буруушаасан билээ.


 


Связанные новости