Афганистан эрчим хүчний өрөө барагдуулахын тулд хуучин төрийн албан хаагчдын хөрөнгийг зарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-07 13:11:02

КАБУЛ. /RT/. Афганистаны эрчим хүчний “Da Afghanistan Breshna Sherkat” (DABS) компани хөрш экспортлогч орнуудад цахилгааны өрөө төлөхийн тулд түлхэгдэн унасан Засгийн газрын албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарахаар төлөвлөж байна.


Энэ талаар “Талибан” хөдөлгөөнөөс тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Сафиулла Ахмадзай лхагва гарагт мэдэгдсэнийг Афганистаны телевизийн “TOLO News” суваг мэдээлжээ.


“Холбогдох процедурыг дуусгаж, түр Засгийн газар баталсны дараа компани Афганистаныг орхин гарсан албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарж эхэлнэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Харин “DABS”-ийн захирал асан Аманулла Галиб дээрх шийдвэртэй холбогдуулан хэлэхдээ, санал болгож буй энэхүү арга хэмжээ нь одоо байгаа асуудлыг зөвхөн түр зуур л шийдвэрлэнэ гэжээ. "Цахилгаан эрчим хүчний өрийг хэсэгчлэн барагдуулахын тулд хамгийн сайндаа л мөнгө цуглуулна. Гэвч эцсийн дүндээ энэ нь корпорацийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүй" гэж тэрбээр цохон хэлжээ.


Узбекистан, Тажикистан, Туркменистан, Иран улсуудад төлөх Афганистаны цахилгааны өр 62 сая орчим ам.долларт хүрсэн талаар “DABS” даваа гарагт мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ өмнөх Засгийн газар унасны дараа цахилгаан эрчим хүчний салбарын орлого бүрдүүлэлт 70 хувиар буурсныг мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан тус компани Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын газраас өрийг барагдуулах асуудалд тусламж хүссэн байна.


Үүний зэрэгцээ Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар мягмар гарагт мэдэгдэхдээ, хоёр орон цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэргээр Афганистанд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэжээ. Мөн өдөр Тажикистаны төрийн мэдлийн эрчим хүчний "Барки Точик" компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Нозир Ёдгори Афганистан өртэй хэдий ч өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Связанные новости