"Сэлэнгэ" олон улсын хээрийн сургуулилалтын оргил үе дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-06 12:19:46

МОСКВА. /TASS/. Орос, Монголын цэргийн хамтарсан "Сэлэнгэ" сургуулилалтын оргил үе Дойтын ам сургалтын талбайд дууслаа гэж Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ хэвлэлийн алба мэдээлэв.


“ДЦТ, Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн оролцсон "Сэлэнгэ" цэргийн хамтарсан сургуулилалтын оргил үе Монгол Улсад дууслаа. Хоёр орны цэргүүдийн сургуулилалтын явцыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Батлан ​​хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар анх удаа ажиглав. Эцсийн үе шатанд мөн ДЦТ-ийн дэд командлагч, дэслэгч генерал Михаил Носолев байлцлаа" гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Хоёр орны цэргүүд тактикийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу даалгавруудыг гүйцэтгэж, хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргасан болохыг онцлон тэмдэглэжээ. “Мотобуудлага болон танкийн ангиуд, мөн ДЦТ, Монгол Улсын Зэвсэгт хүчний их бууны ангиуд бөөн хүчээр гал нээж дайсныг устгах тактикийн амжилттай боловсрууллаа” гэж хэвлэлийн мэдээнд онцолсон байна.


Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт нь олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэгдсэн юм. Есдүгээр сарын 22-ноос хойш үргэлжилсэн энэ жилийн сургуулилалтад ДЦТ-ийн нэгдсэн зэвсэгт армийн Буриадад байрлаж буй мотобуудлагын анги, Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нийт 1500 орчим цэрэг 200 гаруй цэргийн техник хэрэгсэлтэй оролцжээ.


Связанные новости