ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээгээ Япон үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-05 12:08:50

ТОКИО. /RIA Novosti/. Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар газар нутгийн асуудлыг шийдэж, найрамдлын гэрээ байгуулах зорилгоор идэвхтэй яриа хэлцэлцээгээ ОХУ-тай үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 


Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг баталсны дараа хийсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр надад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой биечлэн уулзах боломж олдож, бид хоёр талын харилцааг хөгжүүлэх, мөн найрамдлын гэрээ байгуулах арга замуудыг хэлэлцсэн. Бид Япон, ОХУ-ын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг нотолсон бөгөөд одооноос эхлэн бид газар нутгийн асуудлыг шийдэж, найрамдлын гэрээ байгуулах идэвхтэй яриа хэлэлцээгээ ОХУ-тай үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэж Японы Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна.


ЗХУ, Япон 1956 онд дайныг зогсоох хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, дипломат болон бусад харилцаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн ч өдийг хүртэл найрамдлын гэрээ байгуулаагүй байгаа юм. Уг баримт бичигт ЗХУ Шикотан, Хабомай арлыг найрамдлын гэрээ байгуулсны дараа Японд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн буйгаа нотолсон бол Кунашир, Итуруп арлуудын асуудлыг хэрхэхийг тусгаагүй байна. Энэхүү хамтарсан тунхаглалыг хоёр орны парламент 1956 оны 12 дугаар сарын 8-нд cоёрхон баталжээ. ЗХУ хамтарсан тунхаглал нь маргааныг эцэслэнэ гэж найдаж байсан бол Япон уг баримт бичгийг бүх арлын нэхэмжлэлээс татгалзалгүйгээр асуудлыг шийдвэрлэх нэг хэсэг гэж үзжээ.


Хоёр талын дараагийн хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд найрамдлын гэрээнд гарын үсэг зураагүй юм. 


Связанные новости