Японы эрх баригч намын даргын сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы эрх баригч Либерал-ардчилсан нам лхагва гарагт буюу өнөөдөр шинэ удирдагчаа сонгох бөгөөд сонгуульд ялагч тус улсын шинэ Ерөнхий сайд болно.
Японы Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио, Батлан хамгаалахын сайд асан, одоо вакцинжуулалтын асуудлыг хариуцсан сайдын албыг хашиж буй Коно Таро, Дотоод хэргийн сайд асан Такайчи Санаэ, намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Нода Сейко, гэсэн дөрвөн нэр дэвшигч сонгуульд оролцох юм. Намын даргад Такайчи Санаэ, Нода Сейко гэсэн хоёр эмэгтэй анх удаа өрсөлдөж байгаа бөгөөд хэрэв тэдний нэг нь ялбал Японы орчин үеийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн засгийн газрын тэргүүний албан тушаалыг хаших болно.
Намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 17 -нд эхэлжээ.
Эрх баригч намын 766 төлөөлөгч сонгуульд оролцох бөгөөд үүний 383 нь парламентын гишүүд юм. Хэрэв эхний шатанд ялагч тодрохгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд өрсөлдөнө.
“Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар, гол өрсөлдөөн Коно Таро, Кишида Фүмио нарын хооронд өрнөх төлөвтэй байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, үнэмлэхүй олонх биш ч гэсэн дийлэнхийн саналыг Коно Таро авч, харин хоёрдугаарт Кишида Фүмио орж магадгүй байна. “Майничи” сониныхны тооцоолсноор, Коно 300 гаруй, Кишида 230 орчим санал авч чадна. Харин Такайчи Санаэ 170 орчим, Нода Сейко 35 санал авч магадгүй байна.
Сонгуульд ялсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдын албан тушаалд батлах санал хураалтыг Японы парламент 10 дугаар сарын 4-нд явуулна.