Исланд парламентад эмэгтэйчүүд олонхын суудал авсан Европын анхны улс болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РЕЙКЬЯВИК. /AFP/. Бямба гарагт болсон сонгуулийн дараа Исланд улс парламентад эмэгтэйчүүд олонхын суудал авсан Европын анхны улс боллоо гэж “Agence France-Presse” агентлаг сонгуулийн эцсийн дүнгээс эш татан ням гарагт мэдээлжээ.
Альтинг буюу Исландын нэг танхимтай парламент нь 33 эмэгтэй, 30 эрэгтэй гишүүнээс бүрдэх юм. "AFP" агентлагийн мэдээлснээр, Исландад ч, Европт ч парламентад эмэгтэй гишүүдийн тоо эрэгтэйчүүдийн тооноос давсан анхны тохиолдол энэ болжээ. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцаагаар Швед нэгдүгээрт ордог байсан бөгөөд тус улсын парламентын гишүүдийн 47 хувь нь эмэгтэйчүүд аж. Харин Исландад энэ үзүүлэлт 52.3 хувь байх юм.
Сонгуулийн дүнгээр "Зүүний ногоонтнуудын хөдөлгөөн", “Тусгаар тогтнолын нам”, “Дэвшилтэт нам” (PP) гэсэн гурван намаас бүрдсэн Исландын эрх баригч эвсэл Альтингт олонх болжээ.
Исландын парламентын гишүүдийг пропорционал тогтолцоогоор (намын хаалттай жагсаалт) шууд сонгуулиар сонгодог байна. Альтинг дахь 54 суудлыг зургаан тойргийн санал хураалтын дүнд үндэслэн хуваарилдаг аж. Үлдсэн есыг нь улсын хэмжээнд 5 -аас доошгүй хувийн санал авсан намуудад өгдөг. Депутатуудтай хамт орлогч нарыг нь сонгодог байна.