Монгол Улсын газар нутгийн 40 хувь нь геологийн зураглалтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон Элчин сайдын орлогч Олдржих Заяычек нар Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяад 1:50 000-ын масштабын геологийн зураглалыг хүлээлгэн өглөө.
Гурван жилийн өмнө Ашигт малтмалын газар, Бүгд найрамдах Чех улсын геологийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ховд аймгийн “Мөнххайрхан”, “Зэрэг”, “Манхан” сумын нутгийг хамрах 1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэжээ.
Чех улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова ярихдаа, “Чехийн геологичид олон жил Монголын Ашигт малтмалын газартай хамтран ажиллаж байна. Чех, Монголын геологичид хамтран тодорхой газар нутгуудад геологийн газрын зураглалыг гаргасан. Тухайлбал Ховд аймгийн гурван сумыг хамарсан геологийн зураглал гаргах төслийг 600 мянган еврогийн санхүүжилтээр хийсэн. Гурван жилийн турш үргэлжилсэн төсөл дуусч, хүлээлгэн өглөө. Цаашид олон төсөл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ховд аймгийн гурван сумыг хамарсан 1:50000 машстабын зураглалыг гаргаснаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 40 хувийн геологийн зураглалтай болж буй юм.
Б.Заяа