Баграм хот дахь агаарын баазыг Хятадад шилжүүлнэ гэх мэдээллийг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Афганистан дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний хуучин бааз болох Баграмыг Хятадад шилжүүлэн өгч магадгүй тухай мэдээллийг “Талибан” хөдөлгөөний Катар дахь улс төрийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Сохаил Шахин няцаажээ.
“Энэ бол худал мэдээлэл юм” гэж тэрбээр сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлсэн байна.
“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны Баграм хот дахь агаарын баазыг Хятадын талд шилжүүлэн өгч, Кандагарын нисэх онгоцны буудлыг Пакистанд ашиглахыг зөвшөөрч магадгүй гэж Энэтхэгийн “Pioneer” сонин даваа гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Пакистаны Агаарын цэргийн хүчний мэргэжилтнүүд одоогоор Афганистаны Кандагар, Баграм, Кабулын нисэх онгоцны буудлууд зэрэг таван нисэх онгоцны баазыг шалгаж байгаа бол Хятадын төлөөлөгчид “Талибан”-ы өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Баграм баазыг ашиглахтай холбоотой аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцжээ.
Энэ мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мягмар гарагт ээлжит хэвлэлийн бага хурал хийх үеэрээ няцаасан байна.